БАЯНХОНГОР: Гамшгийн эрсдэлийн менежментийн талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. “Гамшгийн эрсдэлийн менежмент ба хариу арга хэмжээний төлөвлөлт, бэлэн байдал” сэдэвт сургалтыг сумдын Иргэдийн хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч зэрэг 60 гаруй удирдах албан тушаалтныг хамруулан зохион байгууллаа.
Сургалтыг нээж хэлсэн үгэндээ аймгийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн дарга Э.Энхбат, “Олон улс, бүс нутгийн хэмжээнд гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол, давтамж, эрчим жил тутам нэмэгдсээр байгаа нь гамшиг ослын ямар ч үед байнгын бэлтгэл, бэлэн байдлыг шаардахын зэрэгцээ учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөв менежмент, зөв төлөвлөлт, зөв тогтолцоо, сайн засаглал, сахилга хариуцлагыг мөн давхар шаардаж сануулсаар байгаа”-г онцлов.
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тус аймагт “Гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах” ажлыг тусгасан байна. Энэ хүрээнд тус сургалтаар гамшгийн эрсдэлийн менежмент, гамшиг осол, гал түймрийн нөхцөл байдал, шалтгаан, гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ тойм судалгаа боловсруулах арга зүй, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах журам, заавар, арга зүй, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдал, гамшгийн үеийн холбоо зохион байгуулалтын бэлэн байдлын талаар мэдээлэл өгөв.
Мөн гамшгаас хамгаалах “Иж бүрэн”, “Команд штаб”-ын дадлага сургууль зохион байгуулах заавар, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн дүрэм, хэрэгжүүлэх арга хэмжээ, ослын удирдлагын тогтолцооны үндэс ойлголт зэрэг сэдвийн хүрээн дэх мэдлэг мэдээллийг дээшлүүлжээ.
Тус аймгийн сумдын удирдлагууд 2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр 70 гаруй хувь нь шинээр томилогдсон бөгөөд сургалт цагаа олсон хэрэгцээтэй, үр дүнтэй үйл ажиллагаа байсан талаар оролцогчид санал сэтгэгдлээ хэлж байлаа.