Үе үеийн гэрэл зурагчдын түүхийн бичээс номын нээлт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-09 19:54:24

Монгол Улсад гэрэл зураг үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын үйл ажиллагаа  энэ сарын 4-нөөс эхлэн 10 хоногийн турш үргэлжилж байна.

Ойн баярын хүрээнд гэрэл зурагчид өөр өөрсдийн онцлог бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж байгаа бол өнөөдөр Q арт галерейд “Монголын гэрэл зураг-80 жил” үзэсгэлэн  болон  “Монголын гэрэл зурагчид 1935-2015” номын нээлт боллоо. Монголын гэрэл зургийн түүхэнд хувь нэмэр оруулж буй үе үеийн гэрэл зурагчдын намтар түүх, уран бүтээлийн өвийг хадгалж, судлах үүднээс энэхүү номыг бүтээжээ.

Тус номд 100 гаруй гэрэл зурагчны намтар, 400 гаруй уран бүтээл багтжээ. Мөн энэ үеэр Монголын хэвлэлийн 150 гэрэл зурагчны бүтээлийн үзэсгэлэнг олон нийтэд толилуулсан юм. Цаг үе, нийгэм бүрийн онцлог, адил төстэй байдал, эсрэг дүрийг нэг дор илтгэсэн үзэсгэлэнгийн бүтээлийг үзэж сонирхсон ахмад гэрэл зурагчин С.Туяа Монголын гэрэл зургийн хөгжлийг дэлхийн түвшинд хүрсэн хэмээн дүгнэв.

Гэрэл зургийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, тус номын редактор П.Баттулга хэлэхдээ, “Сонин, хэвлэлийн гэрэл зурагчдыг өдөр тутамд зай бөглөдөг хэдэн хүн байдаг мэтээр ойлгодог. Гэтэл эдгээр хүмүүс зай бөглөгч биш уран бүтээлчид юм. Өөрийн хэлэх гэсэн зүйлээ гэрэл зургаар өгүүлдэг, нийгмийн түүхийг бичилцдэг хүмүүс гэдгийг энэ номоор харуулахыг зорьсон. Үзэсгэлэнд өнө олон жилийн өмнөх түүхийг илтгэх баримтат зургийн хажуугаар дөнгөж өчигдөр авсан бүтээл ч бий” хэмээн тодотгов.

Хоёр өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнгийн нээлтэд үе үеийн гэрэл зурагчид оролцов.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ