Мөрөн сум ИТХ даргаа сонгож, засаг даргад нэр дэвшүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан болов. Хуралдаанд 31 төлөөлөгч 100 хувийн ирцтэйгээр оролцов.
Анхдугаар хуралдаанаар Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль явуулсан дүн, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх тухай, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэг хэлэлцүүлж батлуулах, Намуудын бүлэг байгуулах, Зохион байгуулалтын асуудал, сумын ИТХ-ын дарга болон, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх, сумын ИТХ-ын ажлын хороодыг байгуулах зэрэг асуудлыг авч хэлэлцлээ.
Мөрөн сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан болж сумын ИТХ-ын даргаар төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Б.Нямдавааг сонголоо. Тэрээр Мөрөн сумын МАН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн орон нутаг дахь бие төлөөлөгчийн ажлыг хийж байсан юм.
Мөн хуралдаанаар сумын Засаг даргаар Ц.Гансүхийн нэрийг дэвшүүлж, аймгийн Засаг даргад уламжлахаар болов. Ц.Гансүх нь өнгөрсөн 4 жил Мөрөн сумын Засаг даргаар ажилласан бөгөөд энэ хугацаандаа Мөрөн сумын 2013-2023 он хүртэлх дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө, Мөрөн сумын замын мастер төлөвлөгөө, Мөрөн сумын дагаж мөрдөх 6 журмыг батлан ажилласан байна. Мөн Мөрөн сумын гадаад харилцаа аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор ХБНГерман улс, Солонгос улс, Буриад улс болон хөрш зэргэлдээ орны хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллажээ.
Б.Гантуяа