Сирийн хямралыг гэтлэх "Путин загвар"

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2015-10-09 14:02:30

Оросын онгоцууд Сирид ирсэн, ирээгүй тухай элдэв яриа, хэл ам, нотолгоо няцаалт 9 дүгээр сарын турш хэвлэлийн хуудаснаас салахгүй байж байтал сарын сүүлчийн өдөр Оросын Агаарын цэргийн хүчин “Исламын улс” террорист бүлэглэлд гэнэт цохилт өгөөд эхлэв.

Алан хядагчдын энэ бүлэглэл Сири, Иракийн нутгийн ихээхэн хэсэгт хяналтаа тогтоож, барьцаанд байсан гадаадын олон иргэдийг цаазалснаараа дэлхий нийтийн хамгийн заналт дайсан болж хувирчээ. Тус бүлэглэлийг устгахын тулд АНУ, Их Британи, Герман, Франц тэргүүтэй 40 гаруй улс орны хамтарсан эвсэл байгуулагдаж, алан хядагчдад агаараас цохилт өгсөөр байна. Харин энэ эвсэлд Орос улс нэгдээгүй бөгөөд хэзээ нэгдэх, ер нь нэгдэх үү гэдэг нь тодорхойгүй.         

Сарын өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “бид хэт даврагчдад цохилт өгөхгүй” хэмээн мэдэгдэж байсан ч өнгөрсөн сард Москва хотноо Ойрхи Дорнодын орнуудын удирдагчид уулзан, Сирийн хямралын асуудлаар ярилцсаны дараа тэрбээр энэ бодлоо өөрчилжээ. Ингэснээр сүүлийн 10-хан хоногийн дотор Орос улс “Исламын улс”-ын террористуудтай тэмцэх тал дээр санаачилгыг гартаа авч чадлаа. АНУ болон бусад орнууд туйлбартай алхам хийхгүй алгуурласаар байгаад нөхцөл байдлыг нэлээд хүндрүүлсэн байна.                                 

Путин шатрын гэмээр нэн уран нүүдэл хийснээрээ терроризмын эсрэг АНУ тэргүүтэй эвслийн үйл ажиллагаа үр дүнд хүрэхгүй байна гэдгийг дэлхий нийтэд илчилж орхисныг барууны тоймчид хүртэл хэлж байгаа юм. Тоон мэдээллээр тодруулбал, эвслийнхний 2 жилийн хугацаанд 7000 гаруй удаа байлдааны нислэг хийх явцдаа устгасан объектуудаас илүү олон тооны объектыг Оросын нисгэгчид 10-хан хоногийн дотор устгаж чадлаа. Тодруулбал, гуравхан хоногийн оросууд 60 удаагийн нислэг үйлдэж, террористуудын 50 гаруй томоохон байгууламжийг устгажээ.

Барууны ажиглагчдын дүгнэлтээр бол, Оросын цэргийн ажиллагаа нь “Исламын улс”-ын эсрэг бус харин Сирийн босогчид буюу Асадын дэглэмийг эсэргүүцэгч сөрөг хүчнийхний эсрэг чиглэж байна. Гэхдээ энэ сөрөг хүчнийхэн гэдэг нь америкчуудын бэлтгэсэн хүмүүс мөн үү гэдэг тодорхойгүй. Харин юу тодорхой байна вэ гэвэл, сөрөг хүчин болон “Исламын улс”-ын эсрэг хоёр фронт дээр зэрэг тулалдан нэлээд туйлдан тамирдсан Асадын хүчийг сэлбээд авах гэсэн Путины сонирхол илт мэдэгдэж байна.

АНУ-ын Цагаан ордны мэдэгдэлд “Оросын сөнөөгч онгоцуудын цохилт өгч буй газар оронд террористууд бус харин Асадын дэглэмийн эсрэг тэмцэж буй сөрөг хүчнийхэн байрладаг” хэмээн оросуудыг буруутгажээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри “миний бодлоор оросууд Асадын дайснуудыг ангуучилж байна” гэж ярьсныг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров “АНУ худал мэдээлэл тарааж байна” хэмээн няцаалаа.

Цохилт өгсний цаад зорилго 

Юуны түрүүнд дурдахад, зургаа, долоо, наймдугаар сард “Исламын улс”-ын цэргүүд Сирийн цэргийн байрлалуудыг хэд хэдэн чухал чиглэлээр сэтэлж чадсан байна. Сирийн хуурай замын цэрэг байлдах чадвар сайтай боловч агаараас хүчтэй дэмжлэг авахгүйгээр цаашид тулалдааныг үргэлжлүүлэх боломж улам бүр хомс болоод байлаа. Сирийн арми нисдэг тэргүүдийнхээ бараг 90 хувийг, сөнөөгч онгоцныхоо нэлээд хувийг сөрөг хүчнийхэн болон “Исламын улс”-тай хийсэн тулалдааны явцад алджээ. Өдгөө Асадын арми улс орныхоо нутаг дэвсгэрийн дөнгөж 20 хувийг хянаж байна. Гэхдээ үүнийг хоёр талтай ойлгох хэрэгтэй, учир нь энэ 20 хувьд хүн амын 80 хувь амьдардаг бөгөөд нутаг дэвсгэрийн бусад хэсэг нь тэр аяараа элсэн цөл юм.   

Үүссэн хүнд нөхцөл байдалд Сирийн Ерөнхийлөгч Б.Асад Орост хандан террористуудтай тэмцэхэд цэргийн тусламж үзүүлэхийг хүссэний дагуу 9 дүгээр сарын 30-нд эхэлсэн Оросын агаарын цохилт нь Сирийн армийн хувьд үнэн хэрэгтээ аврал боллоо.

Б.Асад цэргийн тусламж хүссэн, ОХУ-ын Холбооны Зөвлөл хуралдаж, Оросын зэвсэгт хүчин хилийн чанадад цэргийн ажиллагаа явуулж болно гэсэн зөвшөөрлийг өгсөн нь Оросын агаарын цэргийн хүчний ажиллагаа олон улсын хууль эрхзүйн хүрээнд явагдаж байгааг нотолж байна гэж Оросын тал тайлбарлаж байна. Энэ нь НҮБ-ын Дүрмийн 51 дүгээр зүйлд “Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улс зэвсэгт халдлагад өртвөл олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад шаардагдах арга хэмжээг Аюулгүйн Зөвлөлөөс авах хүртэл өөрийгөө бие даан буюу бусадтай хамтран хамгаалах эрхтэй” хэмээн заасныг хэлж байгаа бололтой.

Цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар, агаарын довтолгоо хийх цаг хугацааг маш оновчтой сонгосон бөгөөд аравдугаар сар бол Сирид нислэг үйлдэхэд тун тохиромжтой үе гэнэ.

Сөнөөгч онгоцны хувьд элсэн шуурга л байлдааны ажиллагаанд саад учруулж магадгүй, учир нь онилох төхөөргүүдийн цацсан лазерын туяа тоосонд сарнидаг ажээ.  Харин арваннэгдүгээр сард Сирид үүлэрхэг байдаг учраас тэр үеэр оросууд агаарын цохилтоо зогсоож магадгүй юм. 

Агаарын цохилтын үр дүнд “Асад зайлах ёстой” гэж байнга шаарддаг барууныхан болон Персийн булангийн орнуудын үг хэл арай зөөлөрч “Асад байж байсан нь дээр юм байна, түүнийг ирээдүйд болох улстөрийн процесст оролцуулж болох юм” хэмээн яриад эхэлж магадгүй. 

Хоёрдугаарт, “Исламын улс” бүлэглэл нь Умард Кавказыг Оросоос салган авах төлөвлөгөөтэй гэдгээ ил шулуухан мэдэгдэж байгаа учраас түрүүлж хөдлөн цохилт өгөх нь оновчтой гэж оросууд үзжээ. Жишээ татахад, Чеченийн салан тусгаарлагчдын хээрийн ангийн захирагч Тархан Батирашвили-гийн отряд “Исламын улс”-ын бүрэлдэхүүн дэх хамгийн том бүлэг болоод байна. Тус бүлэглэлийн төлөвлөгөө ёсоор бол Португалиас Малайз, Волга мөрний сав газраас Төв Африк хүртэлх асар уудам орон зайд “Исламын Халифат” байгуулагдах ёстой.                                                                                 

Оросын агаарын цохилтын гуравдахь зорилго бол Газрын Дундад тэнгисийн умард хэсэгт хяналтаа чангатгах, тодорхой хэлбэл, НАТО-гийн тэнгисийн цэргийн хүчний шилжилт хөдөлгөөнийг байнга хараандаа байлгах явдал юм. Ингэж чадвал, Ливи, Югослав, Ирак хувилбараар Сирид “нислэггүй бүс” тогтоон М.Каддафийн адилаар Б.Асадыг зайлуулах боломжийг барууныханд дахин олгохгүй. 

Нөгөөтэйгүүр, оросууд Сирид цэргийн ажиллагаа явуулснаараа нийт Ойрхи Дорнодод байр сууриа бэхжүүлж чадах бөгөөд үүний дүнд Крымыг өөртөө нэгтгэсэнтэй холбоотойгоор ОХУ-ын эсрэг авсан барууныхны хориг арга хэмжээг сулруулах, тэр ч байтугай цуцлах талаар хэлэлцээ хийх боломж бүрдэж болох юм. Тэрчлэн Украины зүүн бүс нутагт үүссэн хурцадмал байдлыг намжаах асуудлаарх яриа хэлцээний үеэр илүү “чанга дуугарч” чадсанаар байр сууриа хамгаалж чадна. 

Цаашлаад, цэргийн талаас нь харвал, оросууд байлдааны бодит нөхцөл байдалд Су-34 хэмээх шинэ загварын сөнөөгч-бөмбөгдөгч онгоцоо туршиж байна гэдгийг Испанийн “Publico.es” сонинд онцолжээ. 

Оросын цэргийн боломжийн тухайд                                           

Сирийн Латакия дахь нисэх хүчний баазад одоогоор Оросын 32 сөнөөгч онгоц байрлаж байгаа нь агаарын цохилтыг удаан хугацаагаар үргэлжлүүлэхэд хангалтгүй гэж The National interest сонинд бичжээ. Оросууд орчин үеийн Су-30 СМ, Су-34 гэсэн олон төрлийн зориулалттай сөнөөгч онгоцууд ашиглаж байна гэж хэвлэлүүд бичиж байгаа боловч яг үнэндээ 4-хөн ширхэг ийм төрлийн онгоц Сирид буусан гэж Америкийн тагнуулынхан үзэж байгаа аж. Сири дэх Оросын агаарын цэргийн хүчний гол цөм нь 20 гаруй тооны Су-25 дайрагч онгоц болон Су-24 бөмбөгдөгчөөс бүрдэж байна. Хэдийгээр ар талын хангамж сайн байлаа ч гэсэн ийм хэмжээний хүчээр удаан хугацаанд агаарын цохилт боломжгүй хэмээн америкчууд үзэж байгаа аж.  Дээр нь Оросын зэвсэгт хүчин иймэрхүү өргөн цар хүрээтэй цэргийн операци гадаадад явуулаагүй удсан учраас туршлага дутаж магадгүй юм.  Тэгээд ч Оросын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Ивановын мэдэгдсэнчлэн, агаарын цохилтын ажиллагаа богино хугацаанд явагдана гэсэн нь үнэн байх магадлалтай.

Оросыг хэн дэмжиж, хэн буруушааж байна вэ?                                    

Оросын армийн агаарын цохилтыг Турк улс эрс зэмлэн буруушаалаа. Түүнчлэн Оросын армийн оролцоо Сирид идэвхжиж байгааг Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны Зөвлөлийн гишүүн орнууд болох Саудын Арави, АНЭУ, Кувейт, Бахрейн, Оман, Катар бүгд эрс эсэргүүцэж байна. Оросын хийж буй үйлдэлд хэрхэн хандах нь эдгээр орны улс төрийн ашиг сонирхолтой холбоотой юм. Дээрх орнууд Асадын дэглэмийг унагах сонирхолтой байгаагаа Сирид иргэний дайн дэгдсэн үеэс л илэрхийлж, Асадын сөрөг хүчнийг дэмжсээр ирсэн. Суннитууд давамгайлдаг Саудын Аравийн хувьд Сири дэх сөрөг хүчний хэд хэдэн бүлэглэлийг дэмждэг бөгөөд бүс нутагт Ираны нөлөө газар авахаас болгоомжилдогийн учир нь Ирак, Сири болон Ливанд шиитүүд засгийн эрхэнд нь гарсантай холбоотой. Мөн суннитууд давамгайлдаг Турк улс бүр анхнаасаа л Асадыг унагах сонирхолтой нь тодорхой байсан бөгөөд тус улсын нутаг дэвсгэрт АНУ болон түүний холбоотнуудын “Исламын улс”-ын эсрэг явуулж буй ажиллагааг зохицуулах төв байрладаг.

Оросыг хэн дэмжиж байна вэ? Дэмжиж байгаагаа шуудхан илэрхийлж буй орон бол Иран. Тус улсын Ерөнхийлөгч Хасан Рухани НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр Оросын санаачилгуудыг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан. Москваг дэмжиж байгаа өөр нэгэн орон бол Венесуэл юм. Түүнчлэн Оросын тал баримталсан байр суурьтай гэдгээрээ сүүлийн үед барууныхны дургүйг хүргэх болсон Чехийн Ерөнхийлөгч Милош Земан ерөнхийдөө дэмжинэ гэсэн байр суурьтай байх шиг байна. Тэрбээр Москвагийн Ялалтын парадыг очиж үзсэн Европын цөөхөн удирдагчдын нэг юм. Ноён Земан “Б.Асад хэт даврагсадтай өргөн фронтоор идэвхтэй тэмцэж байгаа бол Европын Холбооноос дэмжлэг хүлээдэг сөрөг хүчнийхэнд ийм хүч тэнхээ алга,  Асад ирээдүйд болох улстөрийн процесст оролцох ёстой” гэж ярьсныг Австрийн Ерөнхийлөгч Хайнц Фишер дэмжжээ.

Хятад улсын хувьд шууд дэмжинэ гэсэн санааг илэрхийлсэнгүй. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Сирийн сайдтай уулзан “Сири улсын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх ёстой” гэж хэлэхдээ Асадын нэрийг ч дурдсангүй, Оросын агаарын цохилтын талаар ч дурссангүй. Оросуудын цэргийн ажиллагааны талаар ТУХН-ын орнуудын удирдагчид тодорхой юм одоохондоо ярихгүй байна. Украины асуудлаарх байр сууриа ч тэд тэр даруйд нь илэрхийлж байгаагүй юм.

Харин уржигдар Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев Оросын агаарын цохилтыг 100 хувь дэмжинэ гэдгээ илэрхийллээ

Орос-Иран-Ирак-Сири

Энэ дөрвөн улс “Исламын улс”-ын эсрэг цэргийн ажиллагааг уялдуулан зохицуулах үүднээс Мэдээллийн төв байгуулсан гэдгийг дурдах нь зүйтэй. Оросын зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа генерал А.Картаполовын ярьснаар, Оросын нисгэгчид Сири, Иран, Иракийн тагнуулын байгууллагын мэдээлэлд тулгуурлан агаарын цохилт өгч байгаа аж. Цохилт өгөхийн өмнө хиймэл дагуулын болон радиоэлектроникийн мэдээлэл, нисгэгчгүй онгоцоос авсан зураг зэрэгт сайтар дүн шинжилгээ хийж байна. Цохилтын явцад сөнөөгч онгоцноос харвасан Оросын пуужингууд 5 м-ийн нарийвчлалтайгаар байг онож байгаа гэнэ.

Оросын агаарын цэргийн хүчний ажиллагаанд Иракийн Моздок хот дахь нисэх онгоцны буудал Сири хүртэл нисэхэд дамжин өнгөрүүлэх баазын үүрэг гүйцэтгэж байна. Энэ буудал нь ямар ч төрлийн нисэх онгоцыг хүлээн авах хүчин чадалтай.

Дүгнэлт. Эцэст нь дүгнэн хэлэхэд, Оросын цэргийн ажиллагаа нь дэлхийн улстөрийн тавцанд аливаа бүс нутгийн мөргөлдөөнийг зохицуулж чадах шинэ “тоглогч” гарч ирж байгаа болон иймэрхүү асуудлыг шийдэхийн тулд олон улсын хэмжээнд нэг туйлт бус харин олон туйлт тогтолцоо нэн чухал болсныг харууллаа.

Холбоотой мэдээ