ЗАВХАН: Өсвөрийн аврагч 120 орчим хүүхэд чадавхжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-10 18:11:23

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Онцгой байдлын газраас өсвөрийн аврагч бүлгийн хүүхдүүдэд ээлжит сургалтаа хийжээ.


Завхан аймгийн Онцгой байдлын газар гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, болзошгүй аюул осол тохиолдоход өөрийгөө хамгаалж бусдад дэмжлэг үзүүлэх чадамжтай болгох зорилготой өсвөрийн аврагч бүлгүүдийг байгуулсан.


Анх 2016 оноос эхлэн аймгийн ерөнхий боловсролын 7 сургууль дээр өсвөрийн аврагч бүлгийг байгуулж, өөрийн байгууллагынхаа дэргэдэх өсвөрийн аврагч бүлэг болгож чадавхжуулах сургалтуудад жил бүр хамруулж байна.


Энэ жилийн анхны сургалтад Улиастай сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгийн 40 гаруй гишүүн оролцлоо. Эдгээр гишүүд нь элсэн орсон хүүхдүүд бөгөөд Онцгой байдлын газрын үйл ажиллагааг танилцууллаа. Гал түймрийн аюул, гал унтраах багаж, эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглаж буй багаж хэрэгслийн талаар мэдээлэл өгсөн байна.


Анхны өсвөрийн аврагч бүлгийн гишүүн хүүхдүүд сургуулиа төгсөөд явсан учраас залгамж халааг нь жил бүр шинэчлэн элсүүлж авдаг. Тиймээс жил бүр болдог сургалтууд өөр өөрийн онцлог ялгаатай болдог.


Өсвөрийн аврагч бүлгийн шинэ гишүүдэд Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, гамшгийн үед хэрэглэдэг багаж хэрэгслүүдийг таниулах мэдээлэл өгдөг. Харин туршлагатай гишүүдэд болзошгүй аюул осол тохиолдоход өөрийгөө хамгаалж бусдад дэмжлэг үзүүлэх. Гамшиг ослын үед хэрхэн самбаачилж ажиллах, хамгийн түрүүний зөв үйлдэл гэхчлэн ур чадваруудыг эзэмшүүлэх дадлага ажилтай сургалтуудыг явуулдаг онцлогтой юм.

Өнөөдрийн байдлаар аймгийн 10 суманд өсвөрийн аврагч бүлэг ажиллаж тэдгээр бүлгүүдэд 120 орчим өсвөрийн аврагч хүүхэд байна.


Онцгой байдлын байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын 2015 оны З03 дугаар тогтоолоор батлагдсан "Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулан "Өсвөрийн аврагч” булгийг байгуулсан.


Өсвөрийн аврагч бүлгийг байгуулснаар хүүхэд багачуудын гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадварыг нэмэгдүүлэх. Аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах. Болзошгүй аюул ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх. Бие бялдрыг нь хөгжүүлэх, хүнлэг, иргэн болгон төлөвших ач холбогдолтой юм.  


Өсвөрийн аврагч бүлгийн ажиллах зааварт, "Өсвөрийн аврагч" бүлэг нь болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, осол, гэмтэл, бэртлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварыг сурагчдад эзэмшүүлэх замаар аюулгүй амьдрах ухаан хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэг арга юм.


Бүлгийн үйл ажиллагааг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, нийслэлийн Боловсролын газар, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, хэлтэс ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, зохион байгуулагч нар дэмжлэг үзүүлж сурагчдыг сургалтад хамруулах. Мэргэжлийн заавар, зөвлөмжийг олгон хамтран ажиллах, нэгдсэн удирдлагаар ханган, чиглүүлж ажиллана гэж заасан байдаг.


Манай байгууллагаас өсвөрийн аврагч бүлгийг сурталчлах, үйл ажиллагаа явуулах сургалтын танхимыг тохижуулах, хувцсаар жигдлэх, сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Энэ жил өсвөрийн аврагч хүүхдүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг бүсчлэн зохион байгуулна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газрын Сургалт хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч, Ц.Ням-Очир мэдээлэв. 

Өсвөрийн аврагч бүлгийнхэн сургалтын үеэр 2016 он


Анхны өсвөрийн аврагч бүлгийн гишүүд 2016 он


Холбоотой мэдээ