Унгарын бослогын 60 жилийн ойг тэмдэглэх үеэр В.Орбаныг эсэргүүцэн шүгэлдэцгээжээ

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2016-10-24 12:58:46

БУДАПЕШТ./BBC/. Ням гарагт хэдэн мянган иргэд Будапешт хот дахь Унгарын парламентын байрны өмнө цугларч, 1956 онд дэгдсэн коммунист дэглэмийг эсэргүүцсэн бослогын 60 жилийн ойг тэмдэглэжээ.

Цуглааны үеэр тус улсын Ерөнхий сайд Виктор Орбан үг хэлэх үеэр, түүний явуулж буй үндсэрхэг бодлого, захиргаадалтын арга барилыг жагсагчид эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн шүгэл үлээсэн байна.

Үг хэлэх эрх чөлөөг нухчин дарж, Унгарыг Европоос тусгаарлахад чиглэсэн бодлого явуулж буй Орбаныг сөрөг хүчний либерал үзэлтнүүд буруушаасаар байгаа юм.

Жагсагчид мөн Будапешт хотод хүрэлцэн ирсэн Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуду-г эсэргүүцэн шүгэлдэцгээжээ.

Сануулан дурдахад, Унгарын бослого 1956 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Будапешт дахь парламентын ордны өмнө эхэлсэн юм. Энэ өдөр тус улсын засгийн газрын явуулж буй Зөвлөлтийг аялдан дагагч бодлогыг эсэргүүцсэн 200 мянга гаруй хүн шинэчлэл явуулахыг шаардан жагсч, тэдний зарим нь Радиогийн ордонд нэвтэрч, шаардлагаа эфирээр уншихаар завдсан байна. Энэ нь Унгарын аюулаас хамгаалах хүчнийхэн болон жагсагчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн дэгдэхэд хүргэжээ. 

ЗХУ-ын удирдлага бослогыг дарахын тулд Унгарт цэрэг оруулах шийдвэр гаргасан байна. Бослогыг дарах ажиллагааг маршал Конев удирдсан бөгөөд эсэргүүцлийн сүүлчийн голомтыг 11 дүгээр сарын 10 гэхэд бүрэн дарсан байна.  

Унгарын бослогын үеэр 3000 гаруй амь үрэгдэж, наад зах нь 350 хүн, тэдний дотор босогчдыг дэмжиж байсан Ерөнхий сайд асан Имре Надь цаазаар авахуулжээ.  

Б.Адъяахүү

 

Холбоотой мэдээ