Долларыг өөр валютаар орлуулахгүй байхыг БРИКС-ээс шаардав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-01-31 11:17:02

ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 31 /RIA Novosti/. БРИКС-ийн орнууд олон улсын худалдаанд ам.долларыг орлуулахын тулд өөрсдийн валютыг бий болгох, эсвэл өөр аль нэг мөнгөн тэмдэгтийг дэмжих ёсгүй, эс бөгөөс 100 хувийн татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. 


"БРИКС-ийн шинэ валют бий болгохгүй байх, эсвэл хүчирхэг америк долларыг орлуулахын тулд өөр ямар нэгэн валютыг дэмжихгүй байхыг бид эдгээр орноос шаардаж байна. Эс тэгвээс тэднийг 100 хувийн татвар хүлээж байгаа бөгөөд Америкийн гайхамшигтай зах зээлд бараа бүтээгдэхүүнээ худалдах боломжгүй болно" гэж Д.Трамп “TRUTH Social” сүлжээндээ бичсэн байна. 


Олон улсын худалдаанд америк долларыг орлуулахыг АНУ зөвшөөрөхгүй гэж тэрбээр цохон тэмдэглээд, ийм алхам хийхийг оролдсон орнуудад худалдааны хатуу арга хэмжээ авна гэдгийг анхааруулав.


БРИКС-ийн орнуудын хооронд үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо хийх боломжийг өргөжүүлэх, нэгдсэн валют бий болгох талаар ярилцсан боловч энэ асуудлаар эцсийн шийдвэр гараагүй байна.

Холбоотой мэдээ