БАЯНХОНГОР: ШИНОС мюзикл дахин тайзнаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Сономын Лувсанвандангийн нэрэмжит Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид ШИНОС /Шинэлэг, Илүү, Нууцлаг, Онцгой, Содон/ мюзиклыг тайзнаа тоглох гэж байна.
ШИНОС мюзикл нь тус театрын найруулагч МУСТА С.Тогоомөнхийн зохиол, найруулга, МУГЖ Ц.Алтанцэцэгийн дэглэлт бөгөөд хүн үүслийн овог, отгийн амьдрал, эртний омгуудын хоорондох зөрчил, хайр сэтгэлийн холбоог бүжгийн мюзикл хэлбэрээр найруулснаараа онцлог.
Тус уран бүтээл нь мэргэжлийн урлагийн байгууллагуудаас анх удаа өөрсдөө зохиолоо бичиж найруулж тавьсан жинхэнэ монгол бүтээл юм. Мөн жүжгээ мюзикл болгон тавьж буйгаараа орон нутгийн театрын хөгжилд томоохон дэвшлийг хийж байна.
Аймгийн Хөгжимт драмын театрынхан 2020 онд анх тайзнаа толилуулсан тус бүтээлээ 5 жилийн дараа буюу энэ сарын 30, 31-нд үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөжээ.
ШИНОС мюзиклд бүжиг, драм, цирк, дууны урлагийн бүхий л төрлийг багтаан найруулсан бөгөөд театрын найрал дуу, хөгжим, драм, бүжиг ангийн бүх уран бүтээлч, дугуйлангийн 80 гаруй уран бүтээлч оролцсон байна.
Театрын урлагийн өвөрмөц өнгө аяс бүхий найруулга, бүжгийн дэглэлт, хувцас тайз засалт, хөгжмийн зохиомж зэрэг шинэлэг мэдрэмж, сэтгэл догдолсон мөч, шинэ сэргэг бүхнийг ШИНОС танд мэдрүүлнэ хэмээн уран бүтээлчид онцлов.