“Улаанбаатар Трамвай”-н трассын сонголтыг эцэслэн шийдвэрлэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хийж буй “Улаанбаатар Трамвай төсөл”-ийн удирдагч Б.Ану-Үжин мэдээлэл өгчээ.
Түүний өгсөн мэдээллээр трамвайн трассын сонголт эцэслэгдсэн бөгөөд судалгаа, ТЭЗҮ, загвар зураг боловсруулах шатандаа буюу 20 хувьтай яваа аж. Трамвайг хоёр трасстай байхаар төлөвлөжээ. Тодруулбал, эхний шугам Нисэхийн тойрог, Яармагийн авто зам, Энхтайваны гүүрээр дамжин Сүхбаатарын талбай хүртэл байх юм байна. Уг чиглэл Энхтайваны гүүрээр дамжих учраас гүүрийг хүчитгэх аж. Ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд зураг төслийг эцэслэж, 2030 онд дуусгахаар төлөвлөсөн байна.
Харин хоёрдугаар шугам нь Сүхбаатарын талбайгаас-Зунжин байна. Энэ дагуух талбайд газар чөлөөлөх ажил үргэлжилж байгаа юм.
Тэрбээр ярихдаа, “Трамвай нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчийн тав тухыг хангасан богино хугацаанд хэрэгжих боломжтой. Нэг удаад 150-300 хүнийг тээвэрлэх багтаамжтай, дундаж хурд 30 км/ц, дээд хурд 60 км/цаг юм. Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар явахад 20-30 минутад хүрнэ гэж тооцоолсон. Ингэснээр Яармагийн авто замын түгжрэлийг 27.5 хувиар бууруулна” гэжээ.
Холбоотой мэдээ


