Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүд

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2025-01-22 18:34:17

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын  22 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс төслүүдийг хэрэгжүүлэх он цагийн дагуу судалгаа, шинжилгээ, тооцоолох ажлуудыг хэрхэн хийж бэлтгэлийг хангаж буй талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны мэргэжилтнүүдэд танилцуулжээ.

 

  • Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд, Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. Зорчигчдыг Яармагаас Өнөр хорооллын зогсоол хүртэл 11 минутад хүргэнэ. Одоогоор дүүжин тээврээр зорчих үнэ эцэслэгдээгүй. Улирал тутамд ТЭЗҮ дээрээ анализ хийж, үнийн хэлбэлзлийг тооцоолж байгаа аж. Байж болох хамгийн хямд үнээр иргэд зорчих боломжийг бүрдүүлэх аж. Ирэх оны 6 дугаар сард үндсэн цамхаг, кабенаа угсрах ажлыг хийж дуусна. Дүрмээрээ угсралт хийснээс хойш бүтэн зургаан сар, зорчигч суулгалгүй туршилтын тээвэрлэлт хийх ёстой. Энэ цаг хугацааг нь наашлуулж, ирэх оны есдүгээр сарын 1-нээс өмнө Улсын комисс хүлээж авах шаардлагыг тавьж байгаа. Нийслэлээс зөвшилцөх бүх ажлаа хийж дуусгасан. Газар чөлөөлөх ажлын хүрээнд, "Хархорин" худалдааны төвийн баруун талд байдаг "Барс-2″ худалдааны төвийн зарим хэсгийг буулгана. Яармагийн зам дээр оргил ачааллын үед 90 - 95 мянган машин зорчиж байна. Энэ том урсгалыг сааруулах зорилготойгоор төслийг хэрэгжүүлж байгаа юм.

 

  • LRT нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай тээврийн шийдэл болж, орчин үеийн ногоон хотуудын салшгүй хэсэг болж байна. Цахилгаан хөдөлгүүр ашигладаг бөгөөд зарим LRT систем нар, салхи, ус буюу сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг. Түүнчлэн олон зорчигчийг нэг дор тээвэрлэх боломжтой учраас авто машины хэрэглээг багасгаж дуу чимээ болон агаарын бохирдлыг бууруулдаг. Ингэснээр амьсгалын замын өвчлөл тусах эрсдэл багасаж оршин суугчдын эрүүл мэндэд эергээр нөлөөлөх давуу талтай.

 

  • Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд их багтаамжийн нийтийн тээвэрт олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр зорьж буй төслийн нэг нь метро юм. Улаанбаатар метро төслийг хэрэгжүүлэх хүрээнд 17.7 км уртад 500 метрийн зайтайгаар 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дуусгасан билээ. Улаанбаатар метро төслийн хүрээнд нийслэлийн хамгийн том, хэвтээ чиглэлийн гудамж Энхтайваны өргөн чөлөөгөөр 17.7 км метроны шугам байгуулах ажлыг эхлүүлсэн.

 

  • Туулын хурдны зам төсөл нь инженерийн шийдлийн хувьд авч үзвэл хоёр жилийн хугацаанд барих боломжтой. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтарч ажиллаж байна. Ажлын хэсэгт төлөөллүүд орж, чиглэл бүрийн асуудлыг авч хэлэлцэж байна.

 

Мөн трамвай  төсөл, нүхэн гарц төсөл, тусгай хэрэгцээний автобус төсөл, Дулааны V цахилгаан станц төслийн өнөөгийн явц, хэрэгжилтийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулжээ.

Холбоотой мэдээ