ОРХОН: "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн багш нар Япон улсад хамтарсан судалгаа хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 2024 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Япон улсын Элчин сайд М.Игавахара Орхон аймгийн Эрдэнэт хотод зочлон, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн Коосэн хөтөлбөртэй танилцан санал солилцоод буцсан.
Энэ уулзалтын үеэр ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү сургуулийн үйл ажиллагаа болон Коосэн хөтөлбөрийн лаборатори анги танхимыг танилцуулахын хамт Коосэн хөтөлбөрийн хүрээнд япон хэл сурч буй оюутнуудын ангитай танилцуулж байсан юм. Мөн энэ өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т Японы Комацү үйлдвэрийн хүнд даацын өөрөө буулгагч HD 1500-8 загварын 10 автомашиныг ашиглалтад хүлээн авах ёслолд оролцон мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Комацү үйлдвэрийн хүнд даацын өөрөө буулгагч технологи нэвтэрснээр уурхайн бүтээмж улам бүр эрчимжинэ гэдэгт итгэж буйгаа онцлон дурдаж байлаа.
Он гарсаар энэ үйл ажиллагааны хүрээнд "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн Коосэн хөтөлбөрийн багш нар ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгээр хэрэгжиж буй “Монгол дахь Технологийн коллеж /Коосэн/-ийн инженерийн боловсролыг дэмжих” төслийн хүрээнд Япон улсын Томакомай Коосэн, Хачинохэ Коосэн, Сасэбо Коосэн сургуульд очиж хамтарсан судалгааг энэ өдрүүдэд хийж байна.
Энэхүү төслийн хүрээнд гурван хөтөлбөрийн багш нарын баг шинэчлэгдсэн загвар цөм хөтөлбөр болон Коосэн олон улсын стандартыг агуулгын түвшинд судлан нутагшуулах, заах аргазүйд суралцах зорилготой явжээ.