Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд процессын дахин инженерчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-01-21 17:23:28

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. УИХ, ЗГХЭГ, Төрийн бүтээмжийн үндэсний хороо хамтран зохион байгуулсан “Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд процессын дахин инженерчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Бид хуулиудад цаг үеийн шаардлагад нийцсэн өөрчлөлтийг хийгээгүйгээс хууль, эрх зүйн орчин нийгмийн хөгжлөөс хоцорч, тэрхүү хурдтай өөрчлөлтийг зохицуулж чадахгүй болсноос иргэдийн дунд бухимдал бий болж байна. Тиймээс УИХ-ын гишүүд голлох хуулиудыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, цаг үетэй хөл нийлүүлэх ажлыг зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзэж, УИХ-ын даргын захирамжаар 60 гаруй ажлын хэсгийг байгуулаад байна хэмээлээ.


УИХ-ын дарга, өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй дийлэнх хуулиуд төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг зохицуулахад чиглээд, иргэдийн эрхийг хамгаалах, хангах зохицуулалт нь орхигдсон байна гэдгийг ахмад хуульчид, энэ салбарынхан хэлж буйг тодотгоод, иргэдийн дунд хуулийн талаарх ойлголт маш сул байгаа нь тэдгээр хууль иргэндээ хүрч үйлчилдэггүй, амьдралд нь нэвтрэхгүй байгаатай холбоотойг онцолсон юм.  


НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Канадын Засгийн газрын санхүүжилтээр манай улсад 10 гаруй жил хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд төрийн албаны шинэчлэл, төрийн албаны хүнд сурталавлигыг арилгах талаар судлаад, төр өөрөө дахин инженерчлэлийг хийх зайлшгүй шаардлагатай гэсэн асуудлыг хөндсөн. Харамсалтай нь, үүнээс хойш 10-аад жил өнгөрсөн ч хэрэгжүүлэх ажил 10, 20 хувиас дээш гарсангүй гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэмдэглэв. Тийм ч учраас УИХ санаачилга гаргаж, аль нэг салбарын сайд, агентлагийн удирдлага, тэдгээрийн санаачилгаас үл хамааран УИХ-ын тогтоолыг баталж, бүх түвшиндээ процессын дахин инженерчлэлийг үзэл баримтлалынх нь хүрээнд хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн учраас УИХ-ын гишүүн Ч.Анараар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан гэдгийг тодотголоо.


Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Анар, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийснээр иргэдэд тулгарч болзошгүй асуудлыг урьдчилан тооцож, шийдлийг санал болгох, проактив, хүн төвтэй төрийн үйлчилгээг хүргэх бол бизнесийн байгууллагуудад чиглэсэн төрийн үйлчилгээ, ил тод байдлыг сайжруулж, төрөөс олгох лиценз, зөвшөөрлийг хялбар болгох, төрийн байгууллагуудын зүгээс ирэх аливаа дарамт, хүнд суртлыг байхгүй болгохыг зорилго болгосон. Түүнчлэн төрийн албан хаагч ажилд орохоос эхлэн албан тушаал, цалин хангамж, тэтгэвэрт гарах хүртэл бүх үйл ажиллагаа, цалин урамшуулал, хөнгөлөлт зэргийг ил тод, тодорхой, шилэн болгож, төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, төрийн байгууллага бүрд байгаа өгөгдлүүдийг нэгтгэснээр давхардал, алдагдлыг арилгах, мэдээллийн технологийн дэмшлийг ашиглан цаг хугацаа, зардал хэмнэх зэрэг сайжруулалт хийгдэнэ гэж тооцсон байна.


Дараа нь Төрийн бүтээмжийн үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Тэнгис илтгэл танилцуулсан. Тэрбээр процессын дахин инженерчлэл гэж юу болох, процессын удирдлага ба дахин загварчлалын талаар мэдээлэл өгсөн. Мөн нөхцөл байдлын шинжилгээ, хүрэх үр дүн болоод шалгуур үзүүлэлт, процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлэх загвар, оролцогч талуудын талаар тайлбарлан, эмнэлгийн 13А маягт болон төрийн үйлчилгээгээр жишээ болгон тайлбарлав. Процессын дахин инженерчлэлтэй холбоотой илтгэлүүдтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, мэдээлэл авлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 

 

 

Холбоотой мэдээ