Нигерид шатахуун тээвэрлэгч машин дэлбэрсний улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-01-21 15:40:04

АБУЖА, 2025 оны нэгдүгээр сарын 21 /ABC/. Нигери улсын хойд нутагт шатахуун тээвэрлэгч автомашин дэлбэрсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 98-д хүрсэн гэж тус улсын Онцгой байдлын газар даваа гарагт мэдэгджээ. 


Өнгөрсөн бямба гаргийн өглөө Нигер мужийн Сулежа дүүргийн ойролцоо осолдсон уг машины шатахууныг хүмүүс генератор ашиглан өөр ачааны машин руу шилжүүлэн ачих үеэр дэлбэрэлт болсон байна. Шатахууныг шилжүүлэн ачиж байсан хүмүүс болон ойролцоо байсан хүмүүс амиа алджээ.


Нигер мужийн Онцгой байдлын газрын дарга Хусайни Исах даваа гарагт Associated Press агентлагт мэдээлэхдээ, амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэх магадлалтай байна гэжээ. Дэлбэрэлт болсон газарт зураг авах, шатахуун авах гэж хүмүүс цугларсан байсан нь олон хүн амиа алдахад хүргэсэн байна.


Ерөнхийлөгч Бола Тинубугийн засаг захиргаа жил гаруйн өмнө шатахууны нөөцийг хөгжлийн хөтөлбөрүүдэд илүүтэй зарцуулахын тулд ийм төрлийн бүтээгдэхүүнд үзүүлэх татаасыг цуцалсны дараа Африкийн хамгийн олон хүн амтай тус улсад шатахууны үнэ огцом өсжээНигерид осолдсон машины цистернээс шатахуун авах нь түгээмэл байдаг бөгөөд зарим хүн үнэ төлбөргүйгээр бензин авах, зарж борлуулах боломж гэж үздэг байна.


Нигери улсад 5000 км урт нефть дамжуулах хоолой байдаг боловч өдөрт хэрэглэдэг 50 сая литр шатахууны ихэнхийг автозамаар тээвэрлэдэг байна. Тус улсын Зам тээврийн аюулгүй байдлын газрын мэдээлснээр, 2020 онд 1500 орчим шатахуун тээвэрлэгч машин осолджээ.




Холбоотой мэдээ