ӨВӨРХАНГАЙ: Бүтэн жилийн турш ангиараа ном уншихаар карт нээлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-01-16 19:41:49

Арвайхээр, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ерөнхий боловсролын V сургуулийн 7в ангийнхан бүтэн жилийн туршид ангиараа ном уншихаар аймгийн Төв номын санд карт нээлгэжээ.


Амралтын хугацаандаа дэлхийн хүүхдийн сонгодог зохиолыг уншиж, тэмдэглэл хөтлөх, уншсан сэдвээ хоорондоо ярилцах зэргээр номтой нөхөрлөх аянаа эхлүүлсэн байна. Анги удирдсан багш Ц.Оюунжаргал сургуульдаа “Оюуны дэлгээс” номын клуб байгуулж, хүүхдүүдийг номоор дамжуулан тогтвортой сууж сурах, ярьж сэтгэх чадварт суралцахад нь анхаардаг байна.


“Тиймээс өөрийн ангийн сурагчдыг номд илүү дурлуулах, ном унших хүсэл сонирхолтой болгох үүднээс долоо хоног бүрийн пүрэв гарагт номын санд очиж, нэг цагийн турш ном уншиж, хэлэлцүүлэг өрнүүлдэг. Сургууль маань номын сангаас хол учраас эцэг, эхтэйгээ хамтраад хүүхдүүдээ зөөдөг. Одоо манай хүүхдүүдийн ширээн дээр гар утас биш ном байдаг болсон. Бусад ангийн хүүхдүүд, багш нар энэ байдлыг хараад үлгэр дуурайлал авч байна” гэлээ.


7в ангийнхан шинэ оны заагт "Аз хур" номын дэлгүүрээс зарласан “Номтой анги – Номтой бэлэг” уралдаанд оролцон ангиараа гарын бэлэг авсан бол энэ удаа Bookmarket номын дэлгүүрээс зарласан “Номын сантай анги – Ангиараа уншъя” аянд нэгдээд байна.


Тус анги 24 сурагчтай, анги удирдсан багш Ц.Оюунжаргал нь түүх, нийгмийн мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй. 

Холбоотой мэдээ