“Кремлийн шидтэн” кинонд Путиний дүрийг Жүүд Лоу бүтээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 13 /DW/. Францын найруулагч Оливье Ассайасын бүтээж буй "Кремлийн шидтэн" киноны Владимир Путиний дүрд Их Британийн жүжигчин Жүүд Лоу тоглохоор болжээ. Ж.Лоу энэ кинонд тоглох талаар өмнө нь мэдээлж байсан бол энэ удаад тэрбээр Америкийн “Deadline” хэвлэлд ярилцлага өгөхдөө ямар дүрд тоглож байгаагаа хэлсэн байна.
Уг киног Италийн зохиолч Жулиано да Эмполигийн 2022 онд хэвлэгдсэн ижил нэртэй номоос сэдэвлэн бүтээж байгаа ажээ. Улс төрийн триллер төрлөөр бүтээж буй уг кинонд 1990-ээд оны үед Орост өрнөж буй үйл явдлыг харуулах бөгөөд тэр үед ерөнхийлөгч болоогүй байсан Владимир Путиний улс төрийн стратегич болж буй телевизийн продюсер Вадим Барановын тухай зохиомол дүрийн тухай өгүүлнэ.
Вадим Барановын дүрийг Путиний ойрын хамтран зүтгэгч Владислав Сурков гэж үздэг. Сурков улс төрийн замналынхаа эхэн үед сурталчилгааны ажилд оролцож байгаад 1992 оны гуравдугаар сард засгийн газрын олон нийттэй харилцах албаны зөвлөх болжээ. 1999 онд Сурковыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч даргаар томилсон бөгөөд Путин төрийн тэргүүний тангараг өргөсний дараа түүний хувийн туслахаар ажиллаж байв.
Сурков “Нэгдмэл Орос” нам болон Кремлийг дэмжигч Оросын залуучуудын “Наши” хөдөлгөөнийг байгуулахад оролцсон гэж үздэг. Түүний нэр Оросын улс төрийн амьдрал дахь "Сурковын суртал ухуулга" гэх алдартай хэллэгтэй холбоотой.
Украины Ерөнхий прокурорын газрын мэдээллээр, 2013 оны сүүлч 2014 оны эхээр тус улсад болсон Евромайдан гэгдэх эсэргүүцлийн ажиллагааны үеэр Сурков Киевт нэг бус удаа очих үеэрээ Орос руу зугтан гарсан Виктор Януковичтой уулзаж, эсэргүүцлийн ажиллагааны талаарх мэдээллийг цуглуулж Кремльд дамжуулж байжээ.
2014 оноос хойш Владислав Сурков АНУ болон барууны хэд хэдэн орны хоригт өртөөд байгаа юм.