Apple-ийн охин компанийг Шанхайд байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2025-01-13 15:16:50

ШАНХАЙ, 2025 нэгдүгээр сарын 13 /TASS/. Америкийн “Apple” компани их хэмжээний өгөгдөл боловсруулах, мөн хиймэл оюуны технологиудтай холбоотой программ хангамжийг хөгжүүлэх зорилгоор шинэ салбараа Шанхай хотод нээсэн тухай "Ицай глобал" цахим хэвлэл мэдээлжээ. 


“Apple Technology Development Shanghai” гэдэг нэртэй уг охин компанийг 35 сая ам.долларын дүрмийн сантайгаар байгуулжээ. Тус компани их хэмжээний өгөгдөл боловсруулах, тэдгээрийг хадгалах программ хангамжийг хөгжүүлэх юм. Ийм компани байгуулсан нь Хятадын зах зээлд хиймэл оюуны технологио гаргах гэсэн "Apple"-ийн хүчин чармайлттай холбоотой гэж дээрх хэвлэлд бичсэн байна. 


Шинээр охин компани байгуулсан нь хиймэл оюун ухаанд суурилсан “Apple Intelligence” системийг Хятадад нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгааг харуулж байна гэж тус хэвлэлд онцолжээ. 


"Apple-ийн хувьд Хятадад “Apple Intelligence Suite”-ийг эхлүүлэх урьдчилсан нөхцөл бол өгөгдөл нь орон нутгийн хэмжээнд байх ёстой. Шанхай дахь "Apple"-ийн шинэ салбар нь орон нутгийн хэмжээний өгөгдлийг боловсруулах шаардлагыг тодорхой хангаж байна" гэж Америкийн "Oliver Wyman" зөвлөх компанийн мэргэжилтэн Жан Зюньи ярилаа. 

Холбоотой мэдээ