Нигерид "Эбола"-гийн халдварын сэжигтэй 10 хүнийг тусгаарлав

Дэлхийд | Эрүүл мэнд
jargal@montsame.mn
2015-10-09 11:29:24

АБУЖА. /BBC/. “Эбола” вирусийн халдвар авсан байж магадгүй 10 хүнийг Нигерид тусгаарласан байна.

Нигерийн эрх баригчдын  мэдэгдсэнээр, тус улсын өмнөд нутгийн Калабар хотод 10 хүн “Эбола”-гийн халдвар авсан хүнтэй хавьтжээ. Нигерийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, нэрийг нь нууцалсан өвчтөн нас барсан байна.

Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүс одоогийн байдлаар эмчийн хяналтад байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт Баруун Африкт “Эбола” вирусийн халдвар авсан шинэ тохиолдол илрээгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ урьд нь мэдээлсэн билээ.

2014 оны гуравдугаар сараас хойш тус бүс нутагт анх удаа халдварын тархалтын ийм байдал ажиглагдаж байгааг ДЭМБ цохон тэмдэглэсэн.

“Эбола”-гийн халдвар өнгөрсөн оны хоёрдугаар сард Баруун Африкт тархсан бөгөөд халдварын тархалтад Гвиней, Либери болон Сьерра-Леон улс илүү ихээр өртсөн юм.

Д.Жаргал

Холбоотой мэдээ