Нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх төслийн уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-20 18:15:51

Нийслэлийн өмнө тулгамдаж буй хот байгуулалт, хүрээлэн буй орчны асуудлуудыг шийдвэрлэх, хөгжлийн шинэ шийдэл бүхий техник, технологи нэвтрүүлэх, шинэ санаа санаачлагыг дэмжих зорилгоор НЗДТГ-аас “Шинэ санаа, шилдэг инноваци” төслийн уралдаан зарласан байна.

Уралдаан дэд бүтэц, хот байгуулалтын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх “Ухаалаг Улаанбаатар”, агаар, хөрсний бохирдол, саарал усны ашиглалт зэрэг хүрээлэн буй орчинд чиглэсэн “Цэвэр Улаанбаатар” болон нийгмийн салбарт зориулсан “Аз жаргалтай Улаанбаатар” гэсэн гурван сэдвээр явагдах юм. Тус уралдаанд их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшил, ТББ, иргэд оролцох боломжтой.

Бүтээлээ ирүүлэхдээ эхний хуудсанд оролцож буй чиглэлийн төсөл, төсөл танилцуулагчийн овог нэр, холбоо барих утасны дугаар байх юм. Төслийн танилцуулгын мөр хоорондын зай single, үсгийн хэмжээ 12, Arial  фондоор бичигдсэн байх ба А4 цаасаар 15 хуудас хүртэл зураг, тайлбар, тооцоолол, үр дүнг тусгасан байна. Нэг хүн зөвхөн 1 төслөөр оролцох бөгөөд уг энэ нь өмнө танилцуулагдаж байгаагүй цоо шинэ бүтээл байх ёстой.

Төслийг Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын 520 тоот өрөөнд энэ сарын 21-нээс ирэх сарын 21-нд хүлээн авна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ