БАЯНХОНГОР: Аймгийн Хөгжимт драмын театрынхан шилдгийн шилдгээр шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. ССАЖЗЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агeнтлаг Соёл урлагийн газар, Монголын Урлагийн ажилтны холбоо хамтран орон нутгийн тeaтруудын дунд зохион байгуулдаг "Шилдэг уран бүтээл - Шилдэг уран бүтээлч" шалгаруулах улсын уралдааны шагналтнуудын гала тоглолт энэ сарын 17-нд Улаанбаатар хотноо УДЭТ-т боллоо.
Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын тeатруудын хамтарсан "Хангай ханы эгшиглэн" тоглолт-уралдааны "Шилдэг уран бүтээл"-ээр Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрынхан шалгарч Гран при шагналыг хүртсэн байна. Дөрвөн жилд нэг удаа болдог тус уралдааны "Ардын дуу"-ны төрөлд дуучин МУСТА Р.Болортуяа тэргүүн байр, МУГЖ Ц.Алтанцэцэгийн дэглэлт "Гурван бүсийн уянга" бүжиг "Хамтлаг бүжигчид"-ийн төрөлд тэргүүн байрыг тус тус эзэлж, шилдэг уран бүтээлээр тус тус шалгарсан амжилт гаргажээ.
Хөгжимт драмын театрууд хамтарсан шилдэг дуу, хөгжим, бүжгийн концертын уран бүтээлээр оролцсон тус тоглолт-уралдааны хүрээнд 4 аймгийн хөгжимчид Баянхонгорт, дуучид Архангайд, бүжигчид Өвөрхангайд цугларан өдөр тутмын бэлтгэл сургуулиа хийж, туршлага судлан, хамтарсан тоглолтын хөтөлбөрт орсон уран бүтээлээ нутаг нутгийн ард түмний угсаатны соёл, зан заншил, аж төрөх ёсны онцлог, өвөрмөц байдлыг илэрхийлсэн брэнд уран бүтээлийг харуулан тоглосон байна. Аймгуудын тeaтруудын уран бүтээлчид өөр хоорондын уран бүтээлээ харилцан сурч эзэмших, ур чадвараа нэмэгдүүлэх, туршлага судлах, урын сангаа солилцох зэрэг үр дүнтэй шинэ ажлууд өрнөснийг уран бүтээлчид онцолж байна.
Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын түүхэн замнал нь 1942 оноос эхтэй. Анх 2 гэртэй байгуулагдан аймгийн Клуб нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд клубийн нээлтээр Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийг хуучин эхээр, “Цэнд комиссар”, “Ардын зориг”, “Харанхуй засаг” зэрэг драмын жүжиг, концертыг тоглосон түүхтэй.
Аймгийн клуб нь 1953 онд орон тооны 13 жүжигчинтэй болж өргөжин, тухайн үед уран бүтээлийн бие даасан анги бий болоогүй байсан учраас 13 жүжигчин нь жүжиг тоглодог, дуу дуулдаг, шүлэг уншдаг, бүжиг бүжиглэдэг, хөгжим ч тоглодог байсан байна. 1958 онд аймгийн клубийг Соёлын ордон болгон өргөтгөж орон тооны 18 жүжигчинтэй, 30 гаруй сайн дурын уран сайханчтай ажиллаж, мөн үеэс дуу, хөгжим, бүжиг, драм, үйлдвэр зохион байгуулах зэрэг мэргэжлийн ангиудтай болжээ. Улмаар 1977 онд 600 гаруй хүний суудалтай, 80 шахам уран бүтээлчтэй, нийт 110 ажилтантай мэргэжлийн урлагийн байгууллага болж, театрын нээлтээр Төрийн шагналт, УГЗ Г.Бирваа, Рэгсүрэн нарын “Эрдэнэтээлийн уянга” дуурь, “Гурван бүсийн нутаг” концертыг тоглосон байна. Ийнхүү аймгийн Соёлын ордон мэргэжлийн урлагийн байгууллага Хөгжимт драмын театр болсноор жинхэнэ мэргэжлийн өнгө аястай болж, хөгжимт драмын чиглэлээр хөгжих үндэс суурийг тавьжээ.
Мэргэжлийн театр болон үүсэн байгуулагдсанаас хойш зохиолын болон орчуулгын 40 гаруй жүжиг, 20 гаруй дуурь, 183 концертын уран бүтээл туурвиж үзэгчдийн хүртээл болгосон бөгөөд өдгөө тус театр хөгжим, найрал дуу, бүжиг, драм, захиргаа аж ахуй зэрэг бүтцийн таван ангитай, 60 гаруй албан хаагчийн 80 гаруй хувь нь уран бүтээлчид байна.