28433 даатгуулагчид 129 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгосон байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-13 10:47:38

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын дөрвөн сангаас тэтгэвэр, тэтгэмж төлбөр, зардлыг олгодог билээ.


2024 онд дээрх дөрвөн сангаас нийт 5.2 их наяд төгрөгийн зардлыг даатгуулагч иргэдэд олгохоор тусгасан байдгийн нэг нь Ажилгүйдлийн даатгалын сан юм. Тус сангаас 2024 оны эхний 11 сарын байдлаар 28433 иргэнд 129 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгосон байна. Ажилгүйдлийн тэтгэмжийг 76 хоногт хуваан олгодог зохицуулалттай.


2024 оны аравдугаар сар хүртэлх хугацааны тэтгэмжийг бүрэн олгосон бол 2024 оны арваннэг болон арванхоёрдугаар сарын хуваарьт тэтгэмж саатаж байгаа учраас ажил олгогч нарыг шимтгэлээ яаралтай төлөхийг Ниймгийн даатгалын байгууллагаас уриаллаа.


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон нийгмийн даатгалын байгууллага энэ асуудалд анхаарал хандуулж, 11, 12 сарын хуваарьт заасан тэтгэмжийг 2025 оны нэгдүгээр сард багтаан бүрэн олгохоор ажиллаж байгаа аж.  

Холбоотой мэдээ