ХӨВСГӨЛ: Томуугийн дэгдэлтийн улмаас нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаа учраас аймгийн Засаг даргын захирамжаар энэ сарын 12-ноос ирэх оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл хичээл сургалтын үйл ажиллагаанаас бусад олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглолоо.
Мөн томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд эмнэлгийн магадалгааг үндэслэн 3-5 хоног цахим болон богиносгосон цагаар ажиллах боломж нөхцөлөөр хангахыг төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт даалгасан байна.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 54 хүүхэд байна. Тус хүүхдүүдийн 4 нь суулгалт, бусад нь амьсгалын замын халдвар буюу уушгины хатгалгаатай байна.
Ачаалал их байгаа учраас хэвтсэн хүүхдүүдийн хурц үрэвслийг дараад эмнэлгээс
гаргаж байна. Хамгийн гол нь эцэг эхчүүд гэртээ асаргааг сайн хийх шаардлагатай
байна гэдгийг Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эрчимт эмчилгээний эмч Б.Мөнхзул
анхааруулж байна.