ХӨВСГӨЛ: "Могойн гол” ХК-ийн нүүрсний уурхайд хяналт, шалгалт хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар “Могойн гол” ХК-ийн нүүрсний уурхайд улсын байцаагч нар хяналт шалгалт хийж байна.
Хяналт шалгалтаар даац хэтрүүлэн нүүрс тээвэрлэдэг зөрчлийг зогсоож, авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартад заасан авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй ачилт хийх үүрэг өгчээ.
Мөн зориулалтын бус талбайд нүүрсний овоолго үүсгэж, байгаль орчныг бохирдуулсан байж болзошгүй зөрчлийг илрүүлж, харьяаллын дагуу Цэцэрлэг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Р.Отгонжаргал, байгаль хамгаалагч Н.Дамдинсүрэн нарт хүлээлгэн өгч, зөрчлийг арилгуулж, холбогдох арга хэмжээг авч байна.
Могойн голын нүүрсний уурхайд хийж буй хяналт ирэх сарын 13 хүртэл үргэлжлэх юм.
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын "Могойн гол" ХК 54 жилийн
хугацаанд нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж, Завхан, Хөвсгөл аймгийн
хэрэглэгчдийг илчлэг чанартай нүүрсээр хангаж ирсэн бөгөөд уурхайн нөөцийг 12 сая тонн гэж үздэг байна.