БУЛГАН: Сайхан суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-12-04 13:54:04

Булган, 2024 оны арванхоёрдугаар сарын 4  /МОНЦАМЭ/. Булган аймгийн Сайхан суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна.

  

Булган аймгийн зудын эрсдэлийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар үнэлэхэд нийт нутгийн 9 хувьд их, 34 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 39 хувьд бага эрсдэлтэй, 18 хувьд эрсдэлгүй гарсан байна.  


Сумын дүнгээр авч үзвэл, Сайхан сумын Угалз, Хүрэмт, Ундрах баг, Бугат сумын Ханжаргалант багийн нутгаар их эрсдэлтэй байна.


Баян-Агт, Гурванбулаг, Дашинчилэн сум болон Орхон, Хишиг-Өндөр, Могод, Рашаант сумын зарим багийн нутгаар дунд эрсдэлтэй байх төлөвтэйг Булган аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.


2024 оны 12 дугаар сарын 2-9-нийг хүртэл­х цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар, 

12 дугаар сарын 5-6-нд шилжих шөнө ихэнх нутгаар, 6-нд зүүн хэсгээр, 8-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

12 дугаар сарын 4-5-нд салхи секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 4-9 метр байна.

Агаарын температур: Шөнөдөө -17-22 градус, өдөртөө -5-10 градус хүйтэн, 12 дугаар сарын 3-5-нд хүйтний эрч бага зэрэг суларч, шөнөдөө -12-17 градус, өдөртөө -1-6 градус байх аж. 

 

Холбоотой мэдээ