Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамж 2023 оныхоос 18.5 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-12-02 12:10:33

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2024 оны 3 дугаар  улиралд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нийт хураамж 43.6 тэрбум төгрөгт хүрчээ.


Энэ нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 18.5 хувиар нэмэгдсэн байна. Харин  даатгалын хураамжийн орлогын 10.9 хувийг эзэлж байна.


Мөн улиралд 31.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон нь салбарын нийт нөхөн төлбөрийн зардлын 27.9 хувийг бүрдүүлжээ. Датгалын нөхөн төлбөр нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 23.9 хувийн нэмэгджээ.


                                                          Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал 

Зуучлагчдын төвлөрүүлсэн даатгалын болон давхар даатгалын хураамж 98.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Даатгалын зуучлагчдын зуучлалын шимтгэлийн орлого 2023 оны мөн үед 14.5 тэрбум төгрөг байжээ.

 Зуучилсан даатгалын хураамжийн орлого бүтээгдэхүүнээр хувьлан авч үзвэл:

  • Хөрөнгийн 18.1 хувь,
  • Жолоочийн хариуцлагын албан журмын 17.4 хувь,
  • Авто тээврийн хэрэгслийн 24.7 хувь, 
  • Зээлийн 3.1 хувь, 
  • Мал амьтдын 2,6 хувь,
  • Хариуцлагын 4,6 хувь, 
  • Эрүүл мэндийн 0.6 хувь,
  • Бусад 28. хувь.

Даатгалын зуучлалын шимтгэлийн орлогын хувьд:

  • Хөрөнгийн 17.5 хувь,
  • Жолоочийн хариуцлагын албан журмын 18.4 хувь,
  • Авто тээврийн хэрэгслийн 25.3 хувь,
  • Зээлийн 4.5 хувь,  Мал амьтдын 3.8 хувь, 
  • Хариуцлагын 4.3 хувь,
  • Эрүүл мэндийн 0.6 хувь,
  • Бусад 25.6 хувь,

Даатгалын хохирол үнэлэгч компаниуд 3 дугаар  улиралд 31,616 хохирлыг 56.5 тэрбум төгрөгөөр үнэлэв. Нийт даатгалын хохирол үнэлгээний орлого 3.6 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 18.1 хувиар нэмэгджээ.

 Даатгалын хохирлын тооны хувьд:

  • Хөрөнгийн 0.7 хувь,
  • Авто тээврийн хэрэгслийн 23.1 хувь,
  • Авто тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгал 5.6 хувь,
  • Жолоочийн хариуцлагын албан журмын 70.6 хувь,

Даатгалын хохирол үнэлгээний орлогын хувьд:

  • Хөрөнгийн 3.1 хувь,
  • Авто тээврийн хэрэгслийн 28.5 хувь, 
  • Авто тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгал 8.9 хувь, 
  • Жолоочийн хариуцлагын албан журмын  59.3 хувь,
  • Бусад 0.2

 “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”ын тоон үзүүлэлтүүдийг тусгайлан авч үзэхэд ийм байна.


                                                                   Даатгалын зах зээлийн бүтэц   

Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрхийн үндсэн дээр 3 дугаар улирлын байдлаар ердийн болон урт хугацааны 340 даатгалын компани, зуучлагч, хохирол үнэлэгч, аудитын компани, актуарч, аудитор мөн 2,499 даатгалын төлөөлөгч үйл ажиллагаа эрхэлж байна

  • Ердийн даатгалын компани 16,
  • Урт хугацааны даатгалын компани 2,
  • Давхар даатгалын компани 1,
  • Даатгалын зуучлагч компани 60,
  • Даатгалын хохирол үнэлэгч компани 29,
  • Даатгалын төлөөлөгч  2,499,
  • Аудитын компани 45,
  • Аудитор 147,
  • Актуарч  40,

                                                     Даатгалын компаниудын нийт хөрөнгө

Гуравдугаар  улиралд нийт хөрөнгө  738.5 тэрбум төгрөгт хүрсэн. Түүнийг  2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 26.8 хувиар, 2020 оны мөн үеийнхтэй харьцуулахад 89.0 хувиар нэмэгдсэн байна.


Ердийн даатгалын компаниудын  хөрөнгө  648.1 тэрбум төгрөгт хүрч, салбарын нийт хөрөнгийн 87.8 хувийг эзэлж байна. Энэ нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 30.8 хувиар нэмэгджээ.


Давхар даатгалын компаниудын хөрөнгө 72.6 тэрбум төгрөгт хүрсэн нь салбарын нийт хөрөнгийн 9.8 хувийг эзэлж байна. Энэ нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.8 хувиар нэмэгджээ.


Урт хугацааны даатгалын компанийн хөрөнгө 17.8 тэрбум төгрөгт хүрч, салбарын 2.4 хувийг эзэлж байна. Энэ нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.2 хувиар нэмэгджээ.

Даатгалын компаниудын нийт хөрөнгийн бүтцийг авч үзвэл:

  • 35.7 тэрбум төгрөг буюу 4.8 хувийг мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө,
  • 430.0 тэрбум төгрөг буюу 58.2 хувийг хөрөнгө оруулалт,
  • 47.3 тэрбум төгрөг буюу 6.4 хувийг үндсэн ба биет бус хөрөнгө /цэвэр дүн/,
  • 225.5 тэрбум төгрөг буюу 30.6 хувийг бусад хөрөнгө бүрдүүлж байна.

Даатгалын компаниудыг нийт хөрөнгөд эзэлж буй хувиар нь авч үзвэл:

  • 9 хувиас дээш хувийг 2,
  • 6-9 хувийг 3,
  • 3-6 хувийг 6,
  • 3 хувиас доош хувийг 8 даатгалын компани бүрдүүлж байна

 Хөрөнгийн өсөлтөөр бүлэглэвэл:

  •  30 хувиас дээш өсөлттэй 3,
  •  20-30 хувийн өсөлттэй 6,
  • 10-20 хувийн өсөлттэй 4,
  • 10 хувиас доош өсөлттэй 3,
  • Хөрөнгийн хэмжээ буурсан 2 даатгалын компани байна.

Ердийн болон урт хугацааны даатгалын компаниуд нийт 400.4 тэрбум төгрөгийн даатгалын хураамжийг бүрдүүлжээ. Энэ нь  2023 оны мөн үеийнхээс 41.2 хувиар, 2020 оны мөн үетэй харьцуулахад 150.0 хувиар нэмэгджээ. Үүнээс:

  • ердийн даатгалын компаниуд 397.3 тэрбум төгрөг буюу 99.2 хувь,
  • урт хугацааны даатгалын компани 3.1 тэрбум төгрөг буюу 0.8 хувийг бүрдүүлжээ.

Давхар даатгалын хураамжид 142.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлснээс 7.2 тэрбум төгрөг буюу 5.1 хувийг дотоодын давхар даатгагч бүрдүүлсэн байх юм.


Даатгалын компаниудын нөхөн төлбөрийн зардал 113.1 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 37.8 хувиар 2020 оны мөн үетэй харьцуулахад 2.6 дахин нэмэгджээ. Ердийн даатгалын компаниудын нөхөн төлбөр нь 98.7 хувь буюу 111.7 тэрбум төгрөгийг зарцуулжээ.


Давхар даатгагчийн нөхөн төлбөрийн дүн 19.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.5 дахин нэмэгджээ.


                                                                        Нөөц сан

Гуравдугаар улиралд даатгалын салбарын  нөөц сан 349.4 тэрбум төгрөгт хүрсэн аж. Энэ нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 30.1 хувиар нэмэгджээ. Ердийн даатгалын компаниудын нийт нөөц сангийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36.9 хувиар өсөж 316.0 тэрбум төгрөг, урт хугацааны даатгалын компанийн нөөц сан 40.2 хувиар өсөж 4.2 тэрбум төгрөг, давхар даатгалын компанийн нөөц сан 27.5 хувиар буурч 25.1 тэрбум төгрөг болов. Давхардсан даатгалын бүтээгдэхүүний тоо 753 болжээ. Энэ нь  2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 48, 2020 оны мөн үеийнхтэй  харьцуулахад 125 нэмэгджээ.


                                                                    Зах зээлийн эрсдэл

Монгол Улсын даатгалын зах зээлийн тулгамдаж буй асуудлын нэг нь валютын ханшийн эрсдэл гэнэ. Эдгээр компаниудын дийлэнх нь гадаад улсад давхар даатгуулдаг. Сүүлийн гурван жилийн 1 жилд дунджаар 74.1 тэрбум төгрөгийг гадаад улс руу шилжүүлжээ.


                                                                   Компаниудын цэвэр ашиг

Даатгалын компаниудын цэвэр ашиг 23.0 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь  2023 оны мөн үеийнхээс 3.1 дахин, 2020 оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.4 дахин нэмэгдсэн байна. Татварын дараах цэвэр ашгийг бүлэглэн авч үзвэл:

  • 50 хувь хүртэлх өсөлттэй 1,
  • 50-100 хувь хүртэлх өсөлттэй 2,
  • 100 хувиас дээш өсөлттэй 3, компани байна. 
Холбоотой мэдээ