Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд боллоо.
Чуулганд нийслэлийн есөн дүүрэг болон 21 аймаг, 330 сумаас төлөөллүүд оролцож буй юм. Сүүлийн таван жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний хэмжээний хурал зохион байгуулаагүй байсан бол энэ удаагийн чуулганыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ивээлдээ авснаараа онцлогтой. Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм. Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм. Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Үндэсний
чуулганыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
нээж үг хэлэхдээ, “Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр,
засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих,
тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга,
үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллана. “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”,
“Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ. Төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар
хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн
хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь
чухал байгааг тэмдэглэлээ. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг
бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт
нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх
шаардлагатай” гэв. Тэрбээр мөн хэлсэн
үгэндээ орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн,
амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн
осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо
жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл
болгосон юм.
Энэ үеэр ХНХ-ын сайд
Л.Энх-Амгалан ярихдаа, “Хурал зөвөлгөөн цөөдөөгүй. Шүүмжлэлтэй зүйл байгааг
хүлээн зөвшөөрч байна. Хамгийн гол нь оношоо зөв тавих ёстой. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй
иргэнд нийгмийн үйлчилгээг аль насанд, ямар тохиолдолд цогцоор нь үзүүлэх вэ
гэдэг тогтолцооны шинэчлэлээ хийе гэж харсан. Өмнө нь асуудалд гал унтраах
байдлаар хандаж ирсэн. Бэрхшээл бүрд тохирсон эрүүл мэнд, боловсрол, нийгмийн
хамгааллын үйлчилгээг хэрхэн хүргэх зураглалаа хиймээр байна. Хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн 70 хувь гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа гарсан. Тиймээс нэн
түрүүнд гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьсан
тохиолдолд ипотект хамруулдаг байхад анхаарна. Нөгөө талаасаа дунд болон урт
хугацаанд түрээслээд өмчлөх боломж бий болгохыг зорьж байна” гэв.