ХОВД: Ихэнх суманд өвөлжилт хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-11-27 21:25:05

Жаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Энэ жил Ховд аймгийн хэмжээнд 3414.7 мянган толгой мал өвөлжиж, хаваржина.

 

Одоогоор тус аймагт өвөлжилт хэвийн үргэлжилж байна. Цаашид Мөст, Зэрэг, Дөргөн, Мөнххайрхан, Дуут суманд өвөлжилт хүндрэх магадлалтай байгаа юм.  


Отор нүүдлийн тухайд, Ховд аймгийн Дөргөн сумаас таван өрхийн 3.1 мянган толгой мал Хэнтий, Хөвсгөл, Төв, Булган аймгийн нутагт отроор өвөлжиж байна.


Мөн өөрийн аймгийн бусад сумын нутагт 321 өрхийн 115.8 мянган толгой мал, Дарви сумын Баяннурууны улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт Дарви сумын 11 өрхийн 11.5 мянган толгой мал өвөлжиж, хаваржих юм. Үүнээс гадна хилийн зурвас бүс нутагт 130 өрхийн 122.6 мянган толгой мал, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 1394 өрхийн 807.9  мянган мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоо гарчээ.


Одоогоор Ховд аймгийн хэмжээнд малчдын түвшинд 66.2 мянган тонн өвс, 2.5 мянган тонн тэжээл, 7.5 мянган тонн хужир шүү бэлтгэсэн байна. Мөн сумын аюулгүйн нөөцөд 496 тонн өвс, 358.5 тонн тэжээл бэлтгэсэн бол аймгийн аюулгүйн нөөцөд 210 тонн өвс, 560 тонн тэжээл бүрджээ. 


Ховд аймгийн хэмжээнд 2422 худаг, уст цэг бий. Мөн малчин өрхийн ашиглахад бэлэн 10134 хашаа байгаа. Үүнээс бод малын 9, бог малын 33 хашааг энэ онд шинээр барив.

 

Судалгаагаар 2024-2025 онд 299.9 мянган толгой малыг хүнсэнд хэрэглэх бол 330.7 мянган толгой малыг зах зээлд нийлүүлэх аж.  Мөн нөөцийн мах бэлтгэх ажлыг долоон аж ахуйн нэгж хэрэгжүүлнэ гэж Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.



Холбоотой мэдээ