ХУД-ийн 63 дугаар сургууль 40 нас хүрлээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2015-10-08 18:50:06

Хан-Уул дүүргийн 63 дугаар сургууль үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойн баярын хурал өнөөдөр тус дүүргийн Соёлын ордонд боллоо.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 115 дугаар тогтоолоор анх 1975 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах энэхүү тусгай сургуулийг байгуулж байжээ. Анхны захирал М.Балдоржийн удирдлагаар 6 бүлэг, 91 сурагчтай сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 230 гаруй сурагчтай, 50 гаруй багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.

Тус сургуулийн захирал С.Эрдэнэбаатар хэлэхдээ, “Манай сургуулийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмад багш, ажилтнуудын бүтээлч санаачилга, нөр их хөдөлмөрийн үр дүнд он жилийн онцлогт нийцүүлэн дэвшүүлсэн зорилго, зорилтууд амжилттай хэрэгжиж, өдгөө сургууль маань хөгжлийн шинэ шатанд хүрснийг бахдан хэлэхэд таатай байна. Бид ойн баяраа угтан олон ажил зохион байгууллаа. Тухайлбал, онол практикийн бага хуралд Япон, БНСУ, ОХУ-ын Буриад улсаас мэргэжил нэгт багш, судлаачид ирж, лекц уншин санал бодлоо хуваалцлаа. Мөн хамтран ажиллагч, дэмжигч байгууллагуудын дунд спортын уралдаан тэмцээн зохион байгууллаа. Дотоодын тэргүүлэгч компани ТОСК, “Витавит”, “Жүр үр” ХХК, Иргэний нисэхийн Чингис хаан нисэх буудлын аюулгүй байдал харуул хамгаалалтын алба зэрэг байгууллага манай сургуульд 200 гаруй сая төгрөгийн туслалцаа үзүүлсэн. Үүнээс гадна АНУ-ын Хөгжлийн агентлаг, Герман, Туркийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Дэлхийн зөн олон улсын байгууллага зэрэг гадаадын байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд сүүлийн 10 жилд тэрбум 600 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлээд байна” гэв.

Энэ үеэр Нийслэлийн Боловсролын газраас тус сургуулийн хамт олонд Монгол Улсын боловсролын салбарын хөгжилд 40 жилийн түүхийг үлдээхдээ үе үеийн хүүхэд багачуудыг гэгээн эрдмийн оргилд хөтлөн бие бялдар, оюунлаг, нийгэмшихүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн өргөмжлөл гардуулав. Мөн амжилт бүтээл, хичээл зүтгэл, авьяас чадвараараа манлайлсан тэргүүний багш, ажиллагсдыг шагнаж урамшуулсан юм.

Тус баярын хурал сурагчдын урлагийн тоглолтоор өндөрлөлөө. Энэхүү тэмдэглэлт баярын үйл ажиллагаанд тус сургуулийн сурган хүмүүжүүлэгч, багш ажилтан, үе үеийн төгсөгч, сурагчид, эцэг эхчүүд оролцов.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

 

 

Холбоотой мэдээ