ЗАВХАН: Ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч байгаа тул хол замд гарахгүй байхыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн төвөөс Говь-Алтай чиглэлийн Ганцын давааны замын зорчих хэсэгт цас хунгарлаж шуурсны улмаас автомашин явах боломжгүй болжээ. Тиймээс зорчих чиглэлийг нээтэл энэ чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа.
Өнөөдөр 18.00 цагийн байдлаар Завхан аймгийн Нөмрөг, Тосонцэнгэл, Их-Уул, Отгон сумын нутгаар цас их орсны улмаас замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн нөхцөл байдалтай байна. Бусад сумын нутгаар шороон шуургатай байгаа тул малчид, иргэд, тээвэрчид та бүхэн аюулгүй байдлаа хангаж, онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
Мөн 18.30 цагийн байдлаар А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлд бага зэргийн цас орж байна. Солонготын давааны халтиргаа, гулгаа үүссэн хэсэгт элс хайрга цацах ажлыг авто зам хариуцагч "Завхан АЗЗА" ТӨХК хийсэн байна.
11 дүгээр сарын 14-ний шөнө хангайн уулархаг нутгаар цас орж, шөнө, өдөртөө ихэнх нутгаар салхи 12-14 м/с, түр зуур 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
2024 оны 11
дүгээр сарын 15-19-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр
15-нд хангайн уулархаг нутгаар цас
орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 15-нд ихэнх нутгаар секундэд 8-13 метр,
түр зуур ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Буянт голын хөндийгөөр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -10-15 градус хүйтэн, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -14-19 градус, өдөртөө -5-10 градус хүйтэн байна. Бусад нутгаар шөнөдөө -8-13 градус хүйтэн, өдөртөө -2+3 градус дулаан байна. 17-ноос бага зэрэг дулаарна гэж Завхан аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.
Солонготын давааны зам 11-р сарын 14-ний 14.40 минут
Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн зам