Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын хэлэлцээрийн талаарх танилцуулгыг сонсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-11-13 13:57:15

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа хэлэлцээрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулжээ.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард БНХАУ-д "Чайна Энержи групп" компанийн ТУЗ-ийн дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан. Тус уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүсэлт тавьсны дагуу БНХАУ-ын "Чайна Энержи групп" компани албан ёсны байр сууриа өнгөрсөн сарын 28-нд Монголын талын ажлын хэсгийн дарга Ц.Туваанд ирүүлсэн байна. Тус хүсэлтэд хоёр талын хамтын ажиллагааны түүх, хууль эрх зүйн тогтвортой байдал, үр ашигт хүргэх баталгаатай нөхцөл, урт хугацааны худалдаааны гэрээ, төмөр замын холболт зэрэг хэд хэдэн тодорхой саналыг тавьсан аж.


Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл нь "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т тусгагдсан 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн, төслийн хэрэгжилтийг хангахад зарим хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм. Энэ асуудлаар ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар ажиллаж буй.


Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжсэнээр Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын төсөл болон бусад төслүүд хэрэгжих боломж бүрдэхийн зэрэгцээ манай улсын нүүрсний экспортыг 120 сая тонн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10 мянган ам.долларт хүргэх боломж бүрдэх юм.

Холбоотой мэдээ