COP29: П.Батхишиг: Санхүүжилт татахын тулд чадамжтай, менежменттэй байх шаардлагатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБАКУ, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр хурлыг тойрсон сэдвээр Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч П.Батхишигээс тодруулав. Тэрбээр хэлэхдээ, "Энэ удаагийн хурлаар өмнөх уулзалтуудаар ярьсан ажлыг дүгнэхийн зэрэгцээ, санхүүжилтийн тухай сэдвийг голчилж байгаа нь анзаарагдлаа. Уур амьсгалын өөрчлөлт бол зайлшгүй асуудал. Харин тэмцэх ажилд төсвийн болон төслийн мөнгө хүрдэггүй. Түүнчлэн энэ нь ирээдүй хойч үедээ чиглэсэн бүх нийтийн үйлс юм.
Өчигдөр болсон санхүүжилтийн чиглэлээрх хоёр хэлэлцүүлэгт
хувийн хэвшлийг хэрхэн татан оролцуулах, тэдэнд санхүүжилт авахад ямар саад бэрхшээл
тулгарч байгааг хөндсөн. Санхүүжилт босгож байгаа ч авах боломж нь хөгжиж буй орнуудын
хувьд хязгаарлагдмал юм байна. Донор байгууллага олон бий ч санхүүжилт татахыг өрсөлдөөн
гэж үзэх хэрэгтэй. Иймд үүнийг дагаад өөрсдөө чадамжтай, менежменттэй байх шаардлага
бий болж байна.
Парисын хэлэлцээрийн үр дүнг 2024 онд 10 дахь жилдээ дүгнэн
хэлэлцэнэ. Зорилт бүхий 2030 он удахгүй ирнэ. Энэ бага хугацаанд санхүүжилтийг нэмэх
нь зайлшгүй асуудал болсонд талууд санал нэгдсэн. Сүүлийн үед бондуудыг дахин санхүүжүүлэх,
ногоон бондоор солих, үүгээр гарсан нэмэгдэл эх үүсвэрийг байгаль орчинд зарцуулах
асуудал шинээр яригдаж байна.
Нөгөө талаас санхүүжилтийг үр дүнтэй зарцуулах, байгаа
онох нь чухал. Зарим төсөлд сайн муу тал нь зэрэгцдэг. Мөнгө хэдий хязгаарлагдмал
байгаа ч зарцуулалт ялгаагүй чухал юм. Мөн хувийн хэвшлийн салбарыг татан оролцуулах
нь чухал. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны чиглэлээс хол явж ирлээ шүү дээ.
Тэгж байж урт хугацааны үр дүн бий болно. Үүнийг төр дангаараа хийж чадахгүйг бид
ойлгосон.
Оролцогчийн хувьд, уур амьсгалын өөрчлөлтөд бүх улс орон
жигд анхаардаг болсныг анзаарлаа. Хөгжсөн орнуудыг нэг хэсэг чухалчилж, дараа нь
буурай орнууд руу чиглэсэн. Одоо бүгдийнх нь, бүх нийтийн асуудал гэдэгт санал нэгдсэн
байна. 100 тэрбум ам.доллар гэдэг тасралтгүй өсөж буй тоо. Энэ хэрээр бид алхам
алхмаар ахиж байгаа гэсэн үг.
Бид уур амьсгалын өөрчлөлтөд нөлөө багатай ч нөлөөнд хамгийн
их өртдөг улсын нэг. Зудын давтамж нэмэгдэж, ойн бүс багассаар байгаагийн үр нөлөө
нь бидэнд илүү тусаж байна. Тэгэхээр энэ нөлөөнд хэрхэн дасан зохицох вэ гэдэгт
бодлогын өөрчлөлтөө тодорхойлох нь зүйтэй" гэв.