ТИКА-гаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн заслын төв байгуулж өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-10-18 18:35:16

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агетлаг /ТИКА/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар цэцэрлэгийн дэргэд 2-5 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын анги болон сэргээн заслын төв байгуулах төслийн нээлтийн ажиллагаа боллоо.

ТИКА-гаас энэ оны 9 дүгээр сард барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тохижуулснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгоход бэлэн болоод байна.

Тус аймгийн хамжээнд 2-5 насны 7000 хүүхэд байдгаас 56 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгоход чиглэсэн ямар нэгэн анги бүлэг байхгүй байсан юм. Боловсролын салбар дахь энэхүү тулгамдсан асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулах зорилгоор 7 дугаар цэцэрлэгийн дэргэд байгуулсан энэхүү сэргээн заслын төв болон бүлэг нь улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог хоёр дахь байгууллага болж байгаараа онцлогтой.

Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат төслийн нээлтэд хэлэхдээ, хүсэлтийг хүлээн авч богино хугацаанд энэхүү төслийг хэрэгжүүлсэн Туркийн ард түмэн болон ТИКА-даа нийт Дархан хотын хүүхдүүдийн нэрийн өмнөөс болон аймгийн удирдлагуудын өмнөөс баярласан талархсанаа хэлээд хоёр орны хамтын ажиллагаа нийгмийн салбарт улам илүү хөгжинө гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

ТИКА-гийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйяа Эр хэлэхдээ, хоёр орон эртний түүхэн болон соёлын нийтлэг үнэт зүйлстэй бөгөөд Туркуудын өвөг дээдсийн өлгий нутаг болох Монгол нутагт хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд өөрийн гэсэн онцлогтойг цохон тэмдэглээд ТИКА-гийн өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр нь энэ дэлхийн нэгдмэл байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулах зорилготой. Дараагийн төсөл хөтөлбөрүүдээ ийм зорилгоор хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр гэртээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг эхчүүдэд ажиллах нөхцөл боломж нь бүрдэж байгаа юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ