ДУНДГОВЬ: Мандалговь хотын хогийн цэгийг камержуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-11-07 17:59:58
altantogos

Мандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Мандалговь сумын хогийн цэг дэх хог хаягдлыг булшилж, орчныг камержуулахаар шийдвэрлэлээ.


Тус аймгийн удирдлагууд нэн тэргүүнд хоггүй аймаг болгох зорилт тавьж, энэхүү ажлын хүрээнд өнгөрсөн 7 хоногт бүх нийтийн цэвэрлэгээ хийсэн. Цэвэрлэгээнд төрийн 50 байгууллага, 95 аж ахуйн нэгжийн 603 төрийн албан хаагч, иргэд оролцож, нийт 315 тонн хог хаягдлыг цэвэрлэн нэгдсэн хогийн цэгт зөөвөрлөжээ.


Харин өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, холбогдох албаны хүмүүстэй Мандалговь хотын хогийн цэгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан юм.


Мандалговь хотын зүүн урд хэсэгт 4 га талбайд зориулалтын хог хаягдлын цэг үүсгэн, төвлөрүүлж байгаа хэдий ч одоогийн нөхцөл байдлаар 120 орчим га талбайд хог хаягдал бүрхсэн байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд хог хаягдлаа ил, задгай хаяж, замбараагүй байдал үүссэн тул хогийн цэг орчмын хяналтыг сайжруулахын тулд ийнхүү камержуулахаар болж байна.  


Цаашид хогийн менежментийг сайжруулахын тулд хог шатаах зуухыг нэвтрүүлэх, 2021 онд улсын төсвийн 379 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан аюултай хог хаягдал түр хадгалах агуулахыг ашиглалтад оруулах зэрэг асуудлыг мөн хэлэлцлээ гэж аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ