Шинэ хуучин Дарханыг холбосон 2.48 км авто зам ашиглалтад оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-10-18 00:24:56

Дархан хот байгуулагдсаны түүхт 55 жилийн ойг тохиолдуулж хийсэн шинэ, хуучин Дарханыг холбосон 2.48 км авто замын нээлт хот байгуулагдсан өдөр болов. Энэхүү авто замыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийгдсэн олон бүтээн байгуулалтын ажлуудаас онцлох бүтээн байгуулалтын нэг юм.

“Тус авто зам нь ашиглалтад орсноор Дарханчууд бидний цаг хугацааг хэмнэж тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж нээгдэж байгааг аймгийн Засаг дарга С.Насанбат онцлов. Монгол Улсаас Зам, тээврийн салбарт баримталж буй бодлого, аймгийн Хөгжлийн цогц бодлого, Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Орон нутгийн чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг үндэслэн Дархан сумын шинэ-хуучин Дарханыг холбосон 2.48 км авто замын зураг төслийг 2012 онд төлөвлөн хэрэгжүүлж эхэлсэн юм. 

Энэхүү замын трассыг Дархан хотын ирээдүйн хөгжил, эдийн засгийн өсөлтийн тооцоо судалгаан дээр үндэслэн Зөвлөлт холбоот Улсын зургийн мэргэжлийн байгууллага хийж суурьшлын бүсчилсэн төлөвлөгөөнд тусгасан байдаг. Уг замын барилга угсралтын ажил нь тусгаарлах аюулгүйн зурвас, явган хүний зам, гэрэл гэрэлтүүлэг, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ, ус зайлуулах ил буюу далд байгууламж бүхий 26 метрийн өргөнтэй, инженерийн шугам, хоолой хөндлөн нэвтрүүлэх хонгилын системийг нэвтрүүлсэн шинэлэг томоохон бүтээн байгуулалтын ажил боллоо гэж уг замыг барьсан “Өсөх урам” ХХК-ийн захирал н.Төмөртогоо ярилаа.

                                                                                                                          Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ