Бичиг хэргийн зардалд 1.2 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. “Цаасгүй цахим Засаг” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар албан бичгээ 100 хувь цахимаар солилцох боломж бүрдлээ. Ингэснээр яамдын бичиг хэргийн зардалд 1.2 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарсан байна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, И-Монгол академиас албан бичиг солилцооны дундын систем (Docx)-ийг хөгжүүлж, төр, хувийн хэвшлийн 17 erp системийг нэгтгэжээ. Одоогоор төрийн 2001 байгууллага албан бичиг солилцооны дундын систем /Docx / -ийг ашиглаж байна. Цаашид төрийн байгууллага хоорондоо төр болон албаны нууцад хамаарахаас бусад албан бичгийг илгээх, хүлээн авахдаа албан бичиг солилцооны дундын систем (Docх)-ийг ашиглах юм. Тус системийн сургалтыг нийслэлийн байгууллагуудад явуулсан бол 21 аймаг 330 сумын алба хаагчдад зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн ЦХИХХЯ-наас цахимаар баримт бичиг үүсгэдэг системд тоон гарын үсгийн хэрэглээг нэмэхээр ажиллаж байгаа аж.
Яамдын албан хэрэг хөтлөлтийн шат дамжлагыг тооцоход албан
бичгийг хянуулж албажуулахад 1-3, шуудангаар Улаанбаатар хот дотор хүргүүлэхэд 1-2, орон нутагт долоон өдөр
зарцуулдаг байна. “Цаасгүй
цахим Засаг” хөтөлбөр хэрэгжүүлснээр
төрийн бүтээмж нэмэгдэж, төсвийн зардал багасахаас гадна төрийн үйлчилгээг иргэдэд хоёр дахин их хурдаар хүргэх боломжтойг ЦХИХХЯ
мэдээллээ.