Спортын бус авир гаргасан Гүржийн жүдочийн эрхийг хасжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-09-19 10:19:24

МОСКВА, 2024 оны есдүгээр сарын 19 /РИА Новости/.  Парисын Олимпын жүдогийн барилдааны үеэр спортын бус авир гаргасан Гүржийн жүдоч Гурам Тушишвилигийн тэмцээнд оролцох эрхийг зургаан сараар хасжээ. Энэ тухай Олон улсын жүдогийн холбооны /IJF/ цахим хуудсанд мэдээлсэн байна.

 

Хэрэг явдал 8 дугаар сарын 2-ны өдөр болсон бөгөөд +100 кг-ийн жингийн ¼-ийн шигшээ барилдаанд Гүржийн жүдоч Олимпын 3 удаагийн аварга Францын тамирчин Тэдди Рине-д ялагдсаныхаа дараа дээрх зохисгүй үйлдлийг хийжээ. Барилдааны төгсгөлд Рине иппон үнэлгээгээр цэвэр ялсны дараа Г.Тушишвили өрсөлдөгчөө жийж унаган, нүүрэнд нь гараа хүргэж, босох гэхэд нь түлхэн унагаасан байна. Энэхүү үйлдлийн дүрс бичлэгийг үзсэний дараа ОУЖХ-ноос Тушишвилиг тэмцээнээс хасах шийдвэр гаргасан тул тэрбээр хүрэл медалийн төлөө барилдах эрхгүй болжээ.

 

Улмаар Гүржийн жүдочийн эрхийг 2024 оны наймдугаар сарын 30-наас 2025 оны хоёрдугаар сарын 25-ныг хүртэл хассан байна.

 

Өдгөө 29 настай Тушишвили Токиогийн Олимпоос мөнгөн медаль хүртсэн ба 2018 оны дэлхийн аварга жүдоч юм.

 

Холбоотой мэдээ