Үзмэр баяжуулах үзэсгэлэн 18-ныг хүртэл үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-14 11:48:23

Дорноговь аймгийн Музей сургалт, судалгааны төвөөс 2013-2016 оны хооронд хээрийн эрдэм шинжилгээний багийнхны олборлосон олдвор болон хүмүүсийн бэлэглэлээр өгсөн эд өлгийн дээжээс баяжуулсан “Үзмэр баяжуулах үзэсгэлэн”-г долоо хоногийн хугацаатай олон нийтэд толилуулж байна.

Дээрх эд өлгийн зүйлийн онцлог үзмэрээс дурдвал 2005 онд Даланжаргалан сумын Ихнартын хаднаас Их Монгол Улсын үеийн язгууртан хатны  булшнаас олдсон нэхий, торгон, даавуун  хээ угалзтай уран тансаг хийцтэй дээл, төмөр хайлуулж байсан дархны  эд хэрэглэл, авдар хөөрөг, Замын- Үүд сумын нутгаас олдсон тэмээн хярууны өндөгний хальс, үлэг гүрвэлийн сээр нурууны яс, тэмээн тэрэг, “Сувдан сондор” зохиолч, архелогчдын хамтарсан аяллын үед олдсон эд өлгийн зүйлүүд, Монгол цэргийн музейгээс дурсгасан эд өлгийн дээж гээд 100 орчим үзвэрийг дэлгэж тавьжээ.

Тус музейгээс хүүхэд залуучуудад түүх соёлын мэдлэг өгөх, өв уламжлалыг танин мэдүүлэх, үзмэрээ шинээр баяжуулах зорилгоор  зохион байгуулж байгаа үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх  аж.  

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ