Байнгын ажиллагаатай парламентын ойг тохиолдуулан УБХ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-09-13 17:00:47

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 34 жилийн ойг тохиолдуулан Улсын Бага Хурлын гишүүд, УБХ-ын Тамгын газрын ахмад ажилтнуудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Анхны ардчилсан сонгуулийн дүнгээр олон намын төлөөлөл бүхий 430 депутатаас бүрдсэн Ардын Их Хурлыг байгуулж, түүнээс сонгогдсон 53 гишүүнтэй Улсын Бага Хурал 1990 оны есдүгээр сарын 13-нд анхдугаар хуралдаанаа хийснээр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан түүхтэй. Ийнхүү дөрвөн намын төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй Улсын Бага Хурлын анхдугаар хуралдаан нь Монгол Улсын түүхэнд тодоор тэмдэглэгдсэн болохыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүндэтгэлийн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.


Улсын Бага Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлсэн хоёр жилийн хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн харилцаанд тогтолцооны өөрчлөлтийн үндэс болох эрх зүйн томоохон шинэчлэл хийснийг тэрбээр дурдаад “Улсын Бага Хуралд улс төрийн дөрвөн намын төлөөлөл байсан бол 34 жилийн дараа Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнгээр 9 дэх удаагийн УИХ-ын сонгууль амжилттай явагдаж, улс төрийн таван нам, эвслээс 126 гишүүн сонгогдлоо. Энэ нь та бүхний үүсгэн бий болгосон байнгын ажиллагаатай парламентат ёсны түүхийн шинэ хуудас, улс төрийн шинэ соёлыг нэвтрүүлсэн үйл явдал байлаа. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа эв нэгдлийг хангаж, улс орныг хөгжүүлэх “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг бодит үр дүнд хүргэж, хот хөдөөгийн ялгааг арилган эх орондоо таатай амьдрах нөхцөл боломжийг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, иргэдийнхээ ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлсэн шинэ үеийн парламентат ёсыг төлөвшүүлэх шинэчлэлийн зорилт дэвшүүлэн ажиллаж эхлээд байна” хэмээв.


Түүнчлэн эрх зүйн шинэтгэлийг тогтмол хийдэг байх зарчмыг парламентын үйл ажиллагаанд нэвтрүүлэх бөгөөд парламентын ирэх 4 жилийн стратегийг хууль эрх зүйн орчны “Гурван төгөлдөржилт” хэмээн тодотгож байгаагаа танилцуулсан. XXI зууны чиг хандлага, үзэл баримтлалтай эрх зүйн орчныг бүрэлдүүлэхийн төлөө парламентын гишүүд өргөн хүрээгээр ажиллаж эхэлсэн талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.

 

Улсын Бага Хурлын дарга асан, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн баярын мэнд дэвшүүлээд, есдүгээр сарын 13-ны өдрийг Монголын парламентын өдөр болгон тэмдэглэж байх саналыг уламжиллаа. Мөн Монгол Улсын ес дэх УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анх удаа энэхүү тэмдэглэлт өдрөөр хүндэтгэлийн уулзалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлсэн юм. Улсын Бага Хурлын гишүүн асан, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан 34 жилийн өмнө монголчууд дэлхийн жишгээр амьдрахыг хүссэндээ улс орноо өөрчлөн шинэчлэхдээ нэн тэргүүнд байнгын ажиллагаатай парламенттай болох зорилт тавьсан гэв. Цаашлаад байнгын ажиллагаатай парламент нь хүн төрөлхтний нээлт бөгөөд ард түмэн засаглахыг ардчилал гэдэг. Ард түмэн төлөөлөгчдөөрөө дамжуулан ардчиллаа хэрэгжүүлдэг байгууллага нь парламент гэлээ.

 

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа уулзалтад оролцож буй хүндэт зочдод баярын мэнд хүргээд УИХ-ын 2024-2028 онд баримтлах стратеги боловсруулах ажлын явцын талаар мэдээлэл өгч, нээлттэй хамтран ажиллахыг урив. Үргэлжлүүлэн Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны ойн хүндэтгэлийн уулзалтад оролцсон зочид парламентын үйл ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх талаар байр сууриа илэрхийлж, санал солилцлоо.

Энэхүү хүндэтгэлийн уулзалтад УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон УИХ-ын Тамгын газрын удирдлагууд оролцов.


 

 

Холбоотой мэдээ