ГОВЬ-АЛТАЙ: Цөлжилтийг сааруулах төлөвлөгөө боловсруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай, 2024 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох үйл ажиллагааны Говь-Алтай аймгийн төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлэг боллоо.
Говь-Алтай аймаг 2019 онд цөлжилтийн иж бүрэн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлсэн. Тус судалгаагаар аймгийн нийт газар нутгийн 79,5 хувь нь их, бага хэмжээгээр цөлжсөн гэсэн судалгаа гарсан байна. Энэхүү судалгаа болон орон нутгийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг үндэслэн энэ онд аймгийн хэмжээний “Уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох, цөлжилтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах төлөвлөгөө” боловсруулах ажлыг хийж гүйцэтгүүлж байна. Төлөвлөгөөг боловсруулах ажлын урьдчилсан хэлэлцүүлгийг тус аймгийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран есдүгээр сарын 9-нд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт төлөвлөгөө боловсруулж буй эрдэмтэн докторууд болон байгаль орчны салбарын байгууллагууд, бусад холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд оролцож, санал зөвлөмжөө хэлэлцсэн тухай Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын дарга Д.Батмагнай мэдээлэв.
Тус аймгийн хойд бүсийн сумд буюу Хахморьт, Дарви, Баян-Уул сумын нутаг хамгийн их цөлжилтөд өртөөд байгаа. Тэгвэл үүнийг сааруулахын тулд Хөхморьт сумын төвийн орчим дахь элсний нүүдлийг сааруулах зорилгоор ил талбай болон хүлэмжид говь цөлийн бүсийн уур амьсгалд тохирсон мод, бутлаг ургамал үрслүүлж тарьж ургуулж эхэлсэн.
Тодруулбал, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Монгол элсний УТХГН-ийн хамгаалалтын захиргаа хамтран Хөхморьт сумын төвийн орчим дахь элсний нүүдлийг сааруулах зорилгоор 70 га талбай болон 12х6 метр талбай бүхий хүлэмжид говь цөлийн бүсийн уур амьсгалд тохирсон мод бут үрслүүлжээ.
Үүнд: Алтайн харгана, жигд, агч, голт бор, хайлаасны нийт 1499 бортого, Ховдын цагаан бургас, сухай, улиас, бургас зэрэг 8 төрлийн 5050 мод бутлаг ургамлын үрсэлгээг ил талбайд үрслүүлсэн нь нахиалалт, соёололт жигд, хэвийн явагдаж байгаа тухай мэдээллээ. Хүлэмжид агч, жигд, хайлаас, алтайн харгана зэрэг мод, бутлаг ургамлын үрсэлгээг бортогоор хийж, арчилгаа тордолтыг хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч, мэргэжилтэн нар гүйцэтгэж байгаа юм.
“Хашаалсан талбайд сул элсний нүүлтийг сааруулах зорилгоор сулины иш, зэгс сүрэл зэрэг байгалийн гаралт материалыг ашиглан механик хамгаалалт хийсэн нь ургамлын бүрхэц сайжирч үр дүнгээ өгсөөр байна. Элсэн хуримтлал 35-40 см зузаан, 5-8,0 м орчим хунгар хүчтэй шороон шуурганы нөлөөгөөр тогтож байна. Мөн ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбар, ДБХС(WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамтын ажиллагааны хүрээнд ил талбайд бургас, сухай, улиас зэрэг модны харандаан суулгацаар үрсэлгээ бэлтгэх ажлыг хэрэгжүүлж, улсын хэмжээнд өрнөж буй тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдлээ. Хамгаалалтын захиргааны хамт олон орон нутгаас жил бүр хайлаасны үр түүж, бортогоор үрсэлгээ бэлтгэж орчны бүсийн сумдын иргэдэд тарьц суулгац бэлтгэн нийлүүлэх ажлыг хийж байгаа тухай Монгол элсний УТХГН-ийн хамгаалалтын захиргаанаас танилцуулсан юм.
Түүнчлэн Хөхморьт сумын ЗДТГ, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран Халзан булаг хэмээх газар ойн төгөл байгуулахаар болжээ. Тодруулбал, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжин аймгийн Засаг даргын санаачилсан "108 сая мод тарьж ургуулах" аяны хүрээнд Хөхморьт сумын ЗДТГ, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран Халзан булаг хэмээх газар ойн төгөл байгуулахаар ажиллаж байна. Мод тарьж, ургуулах аяны хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сан, Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар, Хөхморьт сумын ЗДТГ хамтран сумын хэмжээнд цөлжилтийг сааруулах, элсний нүүдлийг багасгах зорилгоор хөрс, усны иж бүрэн судалгааг хийж, мод, ургамал тарих зохистой газрыг тодорхойлохоор ажиллаж байгаа тухай холбогдох албанаас мэдээлэв.
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг дэвсгэр нь 2019 оны судалгааны үнэлгээгээр 61,7 хувиар цөлжилтийн байдалтай үнэлэгджээ. Улмаар хүчтэй шороон шуурга, салхины нөлөөгөөр нүцгэн элсэн манхан, хуримтлалууд үүсэж, бэлчээрийн ургамал элсэнд дарагдан цөлжилт ихэссэн нь малчдад болон төв суурингийн хүн амд сөргөөр нөлөөлөх болсон юм.
Иймээс 2020 онд цөлжилтийг сааруулах зорилтын хүрээнд БОАЖЯ-наас Хөхморьт сумын төвийн элсний нүүлтийг сааруулах зорилгоор 20 га талбайд механик хамгаалалт хийх ажлыг эхлүүлжээ. Уг ажлын хүрээнд 210 м өргөн зурвасаар 1000 м урт газарт 4 үе эгнээ бүхий хамгаалалтын зурвасыг элсэн хуримтлал үүссэн талбайд энгийн байгалийн гаралт материалууд ашиглан гүйцэтгэсэн байна. Элсний механик хаалт хийснээр элсний нүүлтийг сааруулах, ургамлан бүрхэвчийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой.