Хятадад 43 хүний хөл бөмбөг тоглох эрхийг бүх насаар нь хасжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТБЭЭЖИН, 2024 оны есдүгээр сарын 10 /AFP/. Хятадын Хөл бөмбөгийн холбоо /CFA/ тохиролцооны тоглолт хийсэн гэх үндэслэлээр 43 хүний хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг бүх насаар нь хасах шийдвэр гаргажээ. Тэдний дунд Хятадын шигшээ багт тоглож байсан гурван тамирчин, ДАШТ-д оролцсон Өмнөд Солонгосын хөлбөмбөгчин Сон Жүн Хо нар байна.
Ши
Жиньпин даргын удирдлага дор Бээжингийн засаг захиргаа сүүлийн жилүүдэд Хятадын
спорт, тэр дундаа хөл бөмбөгийн салбар дахь авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлж,
олон дээд албан тушаалтныг шоронд хорьсон юм.
Ши Жиньпин өөрийгөө хөл бөмбөгийн хорхойтон гэж тодорхойлдог бөгөөд эх орондоо ДАШТ-ийг зохион байгуулж, шигшээ багаа түрүүлэхийг харахыг мөрөөддөг хэмээн ярьж байсан удаатай. Гэвч авлигын дуулиан удаа дараа дэгдэж, талбай дээр урам хугарам үйлдлүүд олон жилийн турш гарч байгаагаас харахад энэ амбиц улам бүр алсарч байна.
Дээр дурдсан 43 хүний ихэнх нь хөлбөмбөгчид бөгөөд дотоодын тэмцээн уралдааны үеэр тоглолт наймаалцсан хэргийг шалгах хоёр жил үргэлжилсэн мөрдөн байцаалтын явцад нийт 128 хүн хэрэгт холбогдсон гэж Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яамнаас мэдээлжээ. Энэ мэдээ 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд Хятад, Саудын Арабын шигшээ багууд тоглохоос хэдхэн цагийн өмнө, Хятадын баг Японы шигшээд 7:0-ийн харьцаагаар хожигдсоноос хойш долоо хоногийн дараа гарч байна.
Хятадын Хөл бөмбөгийн холбоо Хятадын Супер лигийн “Шаньдун Тайшань” багт тоглож байсан Сон Жүн Хог тохиролцооны тоглолтод оролцож, авлига авсан гэж буруутгаж байсан юм.
2022
онд Катарт болсон ДАШТ-д Өмнөд Солонгосын шигшээ багийн дөрвөн тоглолтын гуравт
нь оролцож байсан хагас хамгаалагч тэрбээр 2023 оны тавдугаар сараас хойш
Хятадад саатуулагдаж байгаад энэ оны гуравдугаар сард Өмнөд Солонгост буцаж
ирсэн юм. Тухайн
үед Хятадын эрх баригчид түүнийг “төрийн бус байгууллагын ажилтнуудаас авлига авсан байж болзошгүй”
гэх үндэслэлээр саатуулсан ажээ.
Мөн
бүх насаараа эрхээ хасуулсан хүмүүсийн дотор “Шаньдун Тайшань” багт тоглож
байсан Хятадын шигшээ багийн тоглогч асан Жинь Жиндаогийн нэр байна.