ДАРХАН-УУЛ: Цахим 10 системийг амжилттай нэвтрүүлээд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар 2023 оноос хоёр аймгийг жишиг, цахим аймаг болгох санаачилгыг гаргасан. Үүний нэг нь Дархан-Уул аймаг юм. Энэ хүрээнд төр, хувийн хэвшил хамтран аймгийн хэмжээнд ухаалаг тоолуур, тээврийн хэрэгслийн нэвтрэлтийн систем, иргэдэд зориулсан апп зэрэг цахим 10 системийг амжилттай нэвтрүүлээд байна.
Өнөөдөр "Дижитал Дархан" сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг Залуучууд театрт зохион
байгуулж иргэдэд мэдээлэл өгөв.
Дархан сумын хэмжээнд 13 байршилд ХУРДАН төвийг нээснээр иргэд төрийн 50 байгууллагын 800 гаруй лавлагаа мэдээллийг цахимаар авах боломжтой болжээ.
2021 онд аймгийн Засаг дарга авлига, ашиг сонирхлын зөрчилгүй жишиг аймаг болох уриалгыг дэвшүүлсэн. Үр дүнд нь 2022 оноос эхлэн үнэлгээний хорооны гишүүдийг дарга томилдог биш санамсаргүй түүврийн аргаар сонгодог болсон. Төрд буй мэдээллүүдийг цахим шилжилтийн хүрээнд ил болгох ажлыг эрчимтэй эхлүүлээд амжилттай нэвтрүүлж байна.
Цаашид худалдан авах үйл ажиллагааны цахим шилжилтийг нэн тэргүүнд хийнэ гэж аймгийн Засаг дарга “Дижитал Дархан” өдөрлөгийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.
Өдөрлөгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү болон төвийн бүсээс сонгогдсон зарим УИХ-ын гишүүн хүрэлцэн ирж оролцож байна.