75.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий барилга, газар эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Нийслэлийн авто замын түгжрэлийг багасгах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд НЗДТГ, “Тэнүүн-Огоо” ХХК 2023 онд худалдан авах гэрээ байгуулсан.
Тодруулбал их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600, цахилгаан хөдөлгүүртэй 160, дунд багтаамжийн 50 буюу нийт 810 автобус худалдан авахаар болсон. Улмаар худалдан авахтай холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн. “Тэнүү-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас 134 тэрбум төгрөгийн хохирол учруулсан билээ.
Хохирлыг барагдуулахаар “Тэнүүн-Огоо” ХХК-ийн данснаас 11.9 тэрбум төгрөгийг хураан авч, 75.3 тэрбум төгрөгийн барилга, байгууламж, газар, эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж авлаа. Мөн, “Skywell” загварын их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй 55 автобус, цахилгаан цэнэглэх найман төхөөрөмжийг хураан авчээ.
Хохирлын үлдэгдэл мөнгө 1.1 тэрбум төгрөг байгаа бөгөөд тус компанийн “Daewoo BS106”
маркийн 10 ширхэг автобусыг барьцаалан төлбөр барагдуулах хэлцэл хийжээ. Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын дарга
Д.Отгонжаргал “Тэнүүн-Огоо” ХХК-ийн зарим хөрөнгийг авто баазуудад шилжүүллээ. Тухайлбал, БГД-ийн 20
дугаар хороонд байрлах 30 тэрбум төгрөгөөр үнэлэх объектыг нэгдүгээр баазад,
Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 10 тэрбум төгрөгөөр үнэлэх объектыг
гуравдугаар баазад, БЗД-ийн 8 дугаар хороо 25.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр
үнэлэх объектыг хоёрдугаар баазад, СХД-ийн 33 дугаар хороонд байрлах 7.9
тэрбум төгрөгөөр үнэлэх
объектыг дөрөвдүгээр баазад шилжүүлэн аваад байна” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.