ХОВД: Баатархайрхан уул

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-09-09 13:47:11

Жаргалант, 2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төвөөс найман км зайд Баатархайрхан хэмээх Монгол Улсын соёмбо бүхий уул бий.  


Тал газарт тасарч тогтсон энэ уул хүмүүсийн нүдэнд содон харагдаж, соёмбо үсгээр чимэглэсэн нь түүхэн учир холбогдолтой.


Тус уулыг анх Талын улаан гэж нэрлэдэг байжээ. 1912 онд Ховд хотыг Манжийн дарлалаас чөлөөлөхөд Талын улаан уул түүхэн үүрэг гүйцэтгэсэн.  


Тодруулбал, Сангийн хэрэмд төвхнөж, хятад цэргээр хамгаалуулсан Манжийн амбаныг дайлахаар тус ууланд Хатанбаатар С.Магсаржав жанжны цэргүүд шивээлэн буужээ. Улмаар эсрэг ууланд байрласан Манлайбаатар Ж.Дамдинсүрэн, шар сүмийн хойт ууланд байрлаж байсан Жа лам Дамбийжанцан нарт түүдэг галын дохио өгсөнөөр Ховдыг чөлөөлөх байлдаан соёмбот тугийн дор эхэлж байсан түүхтэй.  


Иймээс эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцсэн баатарлаг гавьяаг мөнхжүүлэх, түүхэн үйл явдлыг үнэлэх зорилгоор  Ардын хувьсгалын 20 жилийн ойн баярыг тохиолдуулан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн зарлигаар тус ууланд Баатархайрхан цол олгожээ.  

Хожим 1970 оны үед Ховд аймгийн анхны шугам зургийн мэргэжлийн багш Б.Гомбо Баатархайрхан уулын энгэрт соёмбо урласан байна.

Мөн Ховдынхон Баатархайрхан уулын тахилгыг дөрвөн удаа зохион байгуулжээ.      




Холбоотой мэдээ