БАЯНХОНГОР: Таримал ойн зурвасуудын арчилгаа тордолгоог Ойн анги хариуцна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын нутаг дэвсгэрт 2022 оноос хойш байгуулсан таримал ойн зурвасыг Баянхонгор Ойн ангид хүлээн өгч, цаашид хариуцуулах тухай сумын Засаг даргын захирамж гарчээ.
Тодруулбал, Шинэ суурьшлын ойн зурвас 15 га, Огтонотой булгаас Эрдэнэцогтын гарам хүртэлх ойн зурвас 6.2 га, Нисэхээс баруун талын авто зам хүртэл 0.64 га талбайн зурвасыг Баянхонгор Ойн анги хүлээн авч байгаа бөгөөд 850 метр өргөст тор, 70 ширхэг модон шонг шинээр сольж арчилгаа тордолгоог эхлүүлсэн байна.
Баянхонгор аймаг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сумын хэмжээнд 20 сая мод тарих амлалт өгсөн. Энэ жил 50-60 мянган мод тарих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд Баянхонгор сумын тухайд 10 мянган мод тарихаар төлөвлөсөн юм. Тухайлбал, Түйн голын цагаан бургасыг өргөтгөн тарихад 1000 ширхэг бургас, аймгийн арын хэсэгт буюу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газар болох шинэ ойн зурваст 4800 орчим улиас тариад байгаа юм.
"Түйн гол дагуу амралт зугаалгаар яваа автомашинтай болон явган яваа иргэд ойн зурвасын хамгаалалтын торыг дайрч унагах, торыг давж гарах, таслах, шонг санаатайгаар унагах зэрэг асуудлыг өдөр бүр гаргаж байна" гэдгийг Баянхонгор Ойн анги мэдээлэв.
Мөн Түйн гол дагуух малчид тухайн ойн зурвасын хайс хамгаалалтыг эвдэж шөнө, оройн цагаар малаа оруулах зэрэг зүй буй үйлдэл гаргаж байгаа нь тарьж ургуулж буй ойн зурвасыг ихээр сүйтгэж байгааг онцолж байна. Иргэн бүр байгалиа хамгаалж хайс хамгаалалтыг эвдэж сүйтгэхгүй байхад анхаарч, ойн зурвасыг тарьж ургуулах үйлсэд хувь нэмрээ оруулахыг Баянхонгор Ойн ангийнхан уриаллаа.