“Oasis” хамтлагийн анхны цомог Их Британийн чартуудыг тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-09-07 11:19:31

ЛОНДОН, 2024 оны есдүгээр сарын 7 /AFP/. Британийн домогт “Oasis” рок хамтлагийн анхны студийн цомог болох “Definitely Maybe” баасан гарагт буюу анх худалдаанд гарснаасаа хойш 30 жилийн дараа Их Британийн чартуудыг дахин тэргүүлжээ.


“The Official Charts” компаниас мэдээлснээр, тус хамтлаг сүүлийн 14 жилийн хугацаанд анх удаа шилдэг цомгуудын жагсаалтыг тэргүүлсэн нь энэ ажээ. 1994 оны есдүгээр сард худалдаанд гарсныхаа дараа уг жагсаалтыг тэргүүлж байсан “Definitely Maybe” цомгийн борлуулалт өнгөрсөн долоо хоногт 408 хувиар өссөн байна.


1990-ээд оны брит-поп урсгалыг дэлгэрүүлэгчдийн нэг ах дүү Ноэл, Лиам Галлахер нар 15 жилийн дараа эргэн нэгдэж байгаагаа өнгөрсөн сарын сүүлчээр зарлаж, Их Британи, Ирландад 2025 оны долоодугаар сарын 4-нөөс наймдугаар сарын 17-ны хооронд аялан тоглолт хийнэ гэдгээ мэдэгдсэн билээ.

Холбоотой мэдээ