БАЯНХОНГОР: Жилийн дөрвөн улиралд шинэ ногоо хэрэглэх боломж бүрджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг сүүлийн жилүүдэд хүлэмжийн аж ахуйг өргөжүүлж зун, өвлийн хүлэмжийг цогцоор нь барьж байгуулаад байна.
Өнгөрсөн жил зуны 100 ширхэг хүлэмж байгуулсан нь Баянхонгор аймаг иргэдээ ажилтай орлоготой болгох, эрүүл хүнс хэрэглэх нөхцөл боломжоор хангах томоохон ажил болжээ. Хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх ажлын хүрээнд нэгдсэн журмаар зохион байгуулалтад орж ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэн тухайн цэгт ажиллуулж буй. Нийт 3.6 га талбайг ашиглан хүлэмж, гүн өрмийн худаг хоёр, стандарт жорлон, хогийн сав, таван тоннын дөрвөн ширхэг усны нөөцийн сав байршуулж, 380 вольтын 300 метр цахилгаан шугам сүлжээ оруулан, хамгаалах хашааг тавьж тухайн бүсэд ажиллах иргэдийг бүрэн боломжоор хангасан байна.
Тэгвэл энэ онд өвлийн хоёр хүлэмжийг ашиглалтад орууллаа. БНХАУ-ын Жючуань хот болон Баянхонгор хот хоорондын хамтран ажиллах найрамдлын гэрээний хүрээнд энэ оны тавдугаар сараас нарны эрчим хүчний хүлэмжийн хоёр төслийг эхлүүлж, 50х8м-ийн хэмжээтэй хоёр хүлэмжийг барьж, тариалалтаар өргөст хэмхийн үрийг суулгасан нь амжилттай ургаж байна. Дээрх хүлэмжийг барих ажил хоёр сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд нийт өртөг 500 орчим сая төгрөг болжээ.
Өвлийн ухаалаг хүлэмж барьснаар Баянхонгор аймгийнхан жилийн дөрвөн улиралд хүнсэндээ шинэ ногоо хэрэглэх боломжтой болж байна.