Элчин сайд Кэти Смитийг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг энэ сарын 13-нд Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смитийг хүлээн авч уулзав.
Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд, харилцааны түвшинг ахиулж Иж бүрэн түншлэлд хүргэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв.
Элчин сайд К.Смит Монгол, Австралийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж буйг онцлоод, өнгөрсөн онд Гадаад харилцааны сайдын Австрали Улсад хийсэн айлчлал болон Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалтын мөрөөр ажиллаж, цаашид дээд, өндөр түвшинд айлчлал, арга хэмжээ хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засаг, боловсрол, батлан хамгаалах, соёл, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв.