Яо Мин Ангараг гарагт очих элчээр томилогдов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
adiyakhuu@montsame.mn
2016-10-12 15:27:25

БЭЭЖИН./TASS/. Хятадын алдарт сагсан бөмбөгчин Яо Мин Ангараг гарагт очих элчээр томилогджээ. Энэ тухай "Sina" цахим хуудсанд Хятадын Сарны судалгаа, сансрын инженерингийн төвийн мэдээллээс иш татан бичсэн байна.

Тэрбээр Хятадын хамгийн алдартай бусад 10 хүний хамтаар Ангарагт зочлохоор болсон байна. Өдгөө 36 настай Яо Мин спортоос хөндийрч, бизнес эрхлэнгээ олон нийтийн ажилд оролцож байгаа ажээ.

Дээрх хүмүүсийг Ангарагт очих элчээр томилсон нь олон нийтийн зүгээс Хятадын сансрын хөтөлбөрийг сонирхох явдлыг дэмжихийн зэрэгцээ уг хөтөлбөрийг олон улсад сурталчлах зорилготой юм. Тодруулан дурдахад, Хятад улс 2020 онд Хайнань мужийн Вэньчан сансрын буудлаас "Чанчжэн-5"  гэдэг зөөгч пуужинг Ангараг гараг руу хөөргөхөөр төлөвлөж байгаа ажээ.

Ангараг гарагт очих элчээр томилогдсон Яо Мин 2002-2011 онд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA /"Хьюстон Рокетс" багт тоглож байсан билээ. Тэрбээр Хятадын хамгийн баян бөгөөд хамгийн алдар хүндтэй хүмүүсийн нэг юм. 2009 онд Яо Мин “Шанхай Шаркс” багийг худалдан авсан ба сүүлийн үед сагсан бөмбөгийн тэмцээний тайлбарлагч хийх нь олонтоо үзэгдэх болжээ.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ