Бразилд нисэх онгоц осолдож 61 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-08-10 15:21:43

БРАЗИЛИА, 2024 оны наймдугаар сарын 10 /VOA/. Бразилын өмнөд нутгийн Сан-Паулу мужийн Виньеду хотод орон нутгийн цагаар баасан гаргийн үдээс хойш 61 хүн ​​сууж явсан нисэх онгоц хүн ам оршин суудаг бүсэд унаж осолджээ.


Сан-Паулугийн олон нийтийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Гилерме Деррите онгоцонд байсан бүх хүн амиа алдсан гэж мэдэгджээ. Ослыг нүдээр харсан хүмүүсийн хэлснээр, онгоц осолдсон газарт хэн нэгэн хүн бэртэж гэмтээгүй байна. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Бразилын Холбооны цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.


Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва ослын талаар мэдээлэхийн тулд оролцож байсан арга хэмжээгээ түр зогсоосон байна. “Сао-Паулу мужийн Виньеду хотод 58 зорчигч, багийн дөрвөн гишүүн сууж явсан онгоц осолдож, бүгд нас барсан бололтой байгаа тул нэг минут чимээгүй зогсож эмгэнэл илэрхийлэхийг та бүхнээс хүсэж байна” гэж тэрбээр хэлжээ.


Хожим нь хийсэн мэдэгдэлд 57 зорчигч, багийн дөрвөн гишүүн нисэх онгоцонд байсныг нотолсон байна. Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн ослын дүрс бичлэгээс үзэхэд, онгоц агаарт эргэлдэн нисэж байгаад газарт унажээ. Түүний дараа онгоц модны цаанаас харагдахгүй байсан боловч удалгүй тэнгэр өөд утаа савсаж эхэлсэн байна. Онгоцны хар хайрцгийг бүрэн бүтэн олсон гэж Г.Деррите хэлжээ.


ATR компанид үйлдвэрлэсэн “ATR 72-500” онгоц Бразилын Парана мужийн Каскавел хотоос Сан-Паулогийн “Гаурульюс” олон улсын нисэх буудлыг чиглэн нисэж байжээ. ATR бол Францын Airbus болон Италийн Leonardo S.p.A компаниудын хамтарсан компани юм. Бразилын Агаарын тээврийн бүртгэл мэдээллийн сангийн мэдээллээр, 2010 онд үйлдвэрлэсэн онгоцыг “VOEPASS” агаарын тээврийн компани 2022 онд худалдаж авсан байна. ATR компанийн зүгээс ослын талаар мэдээлэл авсан талаараа мэдэгдээд, “Юун түрүүнд ослын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. ATR-ийн мэргэжилтнүүд мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэлээ.

Холбоотой мэдээ