ӨВӨРХАНГАЙ: Алтан ордны улсын зоосон тэмдэгт Хархорум музейд бий
МУЗЕЙН ҮНЭТ ӨВАрвайхээр, 2024 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Чингис хааны ууган хүү Зүчийн үр удам захирч байсан Алтан ордны улсын зоосон тэмдэгтийг Хархорум музейд хадгалж байна.
Чингис
хааны ач хүү Бат хаан 1242
онд байгуулсан Алтан ордны улс Ази, Европыг дамнан 1502 он хүртэл оршин
тогтносон бөгөөд гадаад
худалдаа цэцэглэн тэлж, худалдаа
арилжааны хүчирхэг төв болон өргөжиж байв.
Бат
хаан Ижилийн Булгарт түр суурьшихдаа зоос дэлдэх газрыг сэргээн Мөнх, Аригбөх хаадын
нэр бүхий зоосыг хийлгэж
байжээ. Тухайн Сарай, Крым, Хорезм, Орду, Гюлистанд болон
бусад 40 гаруй хот газарт зоос дэлдэж байсан гэж үздэг.
Алтан ордны улс нь Их Монгол Улсын бүрэлдэхүүний хувьд нийслэл Хархорумд орлогынхоо тодорхой хувийг тушааж байв. Мөнгөний хомсдол, хямрал үүсэх болсноор 1370-аад оноос дуураймал зоос гарах нөхцөл бүрдэж, хааны нэрийг зориуд баллан өөрийн нэрийг зоосон дээр дэлдүүлэх явдал цөөнгүй гарч байжээ. Зоосны бичээсийг голдуу араб эвхмэл үсгээр бичиж байсан бол зарим үед дэлдсэн хотын нэрийг монгол бичгээр бичсэн нь бий.