Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал өнөөдөр хийсэн мэдээллийнхээ үеэр “Энэ удаагийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь үндэсний эв нэгдлийг хангасан, зөвшилцөлд суурилсан, хүлээгдэж буй том төслүүдийг урагшлуулсан хөтөлбөр байх болно” хэмээв.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 20 асуудлыг хэлэлцсэн юм. Дээрх асуудлын хүрээнд гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга танилцуулахдаа, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд салбарын яамд, ТББ-ууд, мэргэжлийн холбоодын саналыг авч байна. Өнгөрсөн 7 хоногт бүсүүдээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй уулзлаа. Өчигдөр нийслэлээс сонгогдсон гишүүдтэй, өнөөдөр жагсаалтаар сонгогдсон гишүүдтэй уулзлаа.
Энэ удаагийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь Хамтарсан Засгийн газрын гэрээнд суурилсан, хэрэгжилтийг хэмжих бололцоотой хөтөлбөр байх юм. Өөрөөр хэлбэл, талууд гэрээгээр үүрэг хүлээнэ гэсэн үг.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгдүгээр бүлгийг бүсчилсэн хөгжлийн бодлого руу чиглүүлсэн. Үүн дотроо нэр бүхий 15 мега төслийг багтаалаа. Хоёрдугаар бүлэгт, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт гэсэн гурван чиглэл бүхий хүний хөгжлийн бодлого орох юм. Гуравдугаар бүлэгт, Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж орон сууц, эрүүл мэнд, боловсролын бодлого хэрхэн хэрэгжих вэ гэдэг дээр салбар дундын зохицуулалтыг хийнэ. Дөрөвдүгээр бүлэгт, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох асуудал яригдана. Тавдугаар бүлгээр хүртээмжтэй, цомхон төр гэсэн агуулга руу үйл ажиллагаагаа чиглүүлэх болно.
Сая Герман улсад Засгийн газрын тодорхой баг бүрэлдэхүүн очиж ажиллалаа. Тус улсад 1949 оноос хойш Эвслийн Засгийн газар ажиллаж буй. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд энэ талын асуудлыг танилцууллаа. Энэ хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, төсвийн тодотголыг эцэслэн, ирэх даваа гарагт УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон" гэв.